Бидний унтахаар хэвтэхдээ хамгийн сүүлд, өглөө сэрэхдээ хамгийн түрүүнд барьж авдаг зүйл бол гар утас билээ. Хүмүүс гар утас болон электрон хэрэгслүүд биед ямар хор хөнөөлтэйг мэддэг болсон ч тэр бүр ойшоохгүй явсаар байна. Тиймээс гар утаснаас ялгарч буй цэнхэр туяа ямар өвчин үүсгэдэг талаарх судалгааны үр дүнг та бүхэнд хүргэе.
Компьютер болон гар утас удаан ширтсэнээс нүд ядарч аргадаг. Дэлгэцийн цэнхэр туяаг удаан хугацааны турш харахад нүдний эвэрлэг бүрхэвчинд өөрчлөлт орж, цаашлаад өнгө ялгахаа больж эхэлдэг байна. Энэ туяа дан ганц нүдний хараанд нөлөөлөхөөс гадна сэтгэцийн янз бүрийн өвчин, нойргүйдэл, хорт хавдар гэх мэт ноцтой өвчин үүсгэдгийг судалгаагаар тогтоожээ.
"The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд хижээл насны 91 мянга гаруй хүн хамрагдсан байна. Нойрондоо муу хүмүүс сэтгэл гутрал болон сэтгэцийн ямар нэг эмгэгтэй болох магадлал их байгаа нь ажиглагджээ. Тэд шөнө дунд босож аяга цай уудаг, эсвэл фэйсбүүкээ шалгадаг зэрэг нийтлэг зуршилтай байв. Энэхүү судалгааны нийтлэлийн төгсгөлд Глазгогийн их сургуулийн профессор Даниэл Смит "Орондоо орохоос нэг цагийн өмнө бүх электрон хэрэгслүүдээ унтрааж хэвшээрэй" хэмээн зөвлөсөн байна.
Хүүхдийн нүд цэнхэр гэрэлд илүү мэдрэг байдаг
ДЭМБ-ын судлаачид шөнө гар утсаа оролддог хүмүүс хөх болон түрүү булчирхайн хавдартай болох эрсдэл ихтэй байдаг талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард анхааруулж байв.
Интернэт орчин хүмүүсийн амьдралд чухал байр суурь эзэлж байгаа энэ үед электрон төхөөрөмж хэрэглэхээ болихыг зөвлөх нь мэдээж үр дүнгүй юм. Тиймээс судлаачид орой биш, харин өдрийн цагаар ухаалаг төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна. Үдэш оройн цагаар гар утсаа болж өгвөл унтраагаад орноосоо хол тавьж, сайхан унтаж амрахад биеэ бэлдэх шаардлагатай гэж дээрх дээрх сэтгүүлд бичжээ.
Сэтгэгдэл