Баянхонгорын Засаг ноёдын “Хүслийн жагсаалт”-ыг хангах хүнд үүрэг хүлээсэн хувийн компаниуд дампуурч байна


Баянхонгорын Засаг ноёдын “Хүслийн жагсаалт”-ыг хангах хүнд үүрэг хүлээсэн хувийн компаниуд дампуурч байна

Баянхонгор аймгийн удирдлагууд алтны нинжа нарыг өдөөн турхирч, албан ёсны зөвшөөрөлтэй компаниудыг шантаажилдаг тухай манай сонин өмнө нь мэдээлсэн. Тэгвэл алтны шороон ордын арвин нөөцтэй энэ аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд өөрсдийн үйлдлийг эргэн харах нь бүү хэл А лиценз эзэмшдэг компаниуд руу "Хүслийн жагсаалт” нэртэй шантаажийн бичиг үйлдэн, илгээсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Батжаргалаар удирдуулсан сумдын Засаг дарга нар алт олборлодог компаниуд руу хөрөнгө оруулалт хэмээх нэрээр халхавчилсан "Хүслийн жагсаалт”-ыг илгээжээ. Тэгэхдээ уг жагсаалтын дагуух хөрөнгө оруулалтыг дандаа хувийн дансаараа дамжуулан авах тухайгаа онцгойлсон байна.

Уг мэдээллийг бидэнд Баянхонгорын дарга нарын дарамтанд өртсөн нэгэн компани /нэрээ нууцлахыг хүссэн/-аас өгсөн ба менежер нь энэ талаар "Бид нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Гэхдээ үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн оронд удирдлага гэх нэр зүүсэн хэсэг бүлэг этгээдийн хүслийг гүйцэлдүүлэх ёсгүй. Ийм хууль эрхзүйн орчин ч байхгүй” гэсэн юм.

Тэгэхээр энэ аймагт ер нь яг юу болоод байгааг мэдэх хууль хяналтынхан, төр засаг Монгол Улсад байна уу.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар, аймгийн Засаг дарга, сумдын дарга нар нинжа нартай үгсэн тохирч, өдөөн турхирснаар өдгөө албан ёсны зөвшөөрөлтэй ч ажлаа хэвийн явуулж чадахгүйд хүрсэн олон компани бий ажээ. Гэтэл яг үнэндээ Баянхонгорт бусад аймгаас очсон нинжа тун цөөн. Ихэнх нь тухайн орон нутгийн иргэд байдаг.

Тэд шударгаар хөдөлмөрлөж, бусдын адил цалин хөлсөөрөө амьдрах хүсэлгүй, түргэн зуур ахиухан мөнгө олон шуналдаа автсан этгээдүүд. Баянхонгорт зам, барилга, ХАА, үйлчилгээ, бизнесийн олон ажлын байр байгаа боловч иргэд нь "Амьдрал хэцүү байна. Ажлын байр алга. Төр засаг харж үзсэнгүй” гэж гомдоллосоор алтны ордуудыг барааддаг.

Ингэж явсаар эцэстээ нинжа хэмээх татвар төлдөггүй, НДШ, ЭМД-ын тухай ойлголт ч үгүй, нийгмийн өмнө иргэн хүний ёсоор хүлээсэн үүргээ умартаж, үйрмэг алтны төлөө нүдээ ухахаас буцахгүй бүлгийн нэг хэсэг болж байгаа юм. Хамгийн гол нь, нинжа нарын балгаар Монгол Улсын хэмжээнд шороон ордоос гаргаж буй нийт алтны ихээхэн хэсэг нь хар захаар дамжин зах зээлд нийлүүлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нинжа нар алтны компаниудаас дутахааргүй их олборлолт хийж, борлуулдаг ч улсад сохор зоосны татвар төлдөггүй. Тэгсэн хэрнээ ажилгүйдлийн тэтгэмж, халамжийг заргалдсаар байгаад авдаг аж.

Улсын хэмжээнд албан бус тоогоор 100 мянга гаруй нинжа байдгийн 30 мянга орчим нь хүүхдүүд гэдэг. Эдгээр хүүхдийг нинжагийн тоонд оруулж тооцсон учир нь тэднийг эцэг, эх нь сургууль, цэцэрлэгт хамруулдаггүй, зарим тохиолдолд хорвоод мэндэлснийг нь ч улсад бүртгүүлдэггүй бөгөөд хар багаасаа төмпөн үүрч, томчуул багтахааргүй нүх рүү орсоор соёлт хүний нийгэм, цэвэр таатай орчин, хүүхэд насны ариухан дурсамжгүйгээр "төрөлхийн” нинжа болон төлөвшиж байна.

Дээр дурдсан нинжа нарын тал шахам хувь нь Баянхонгорт бий. Уянгын шороон тамыг бодвол харьцангуй хожуу олборлолт эхэлсэн гэдэг утгаар энэ аймгийн нинжа нар уг нь нэг хэсэг олон улсын байгууллагын дэмжлэгээр хууль ёсны олборлогчид болохоор нэлээд ажилласан ч эцэстээ аймгийн удирдлагуудын "Хүслийн жагсаалт”-ыг гүйцэлдүүлдэг зэвсэг болж хувирсан нь энэ ажээ.

Одоо Баянхонгорт мал бэлчээрлэх нутаг хомс болсон нь цэвэр эдгээр дүрэмгүй нөхдийн буруу. Бүр нарийн яривал, эднийг эхнээсээ дураар нь тавьж, хожим нь алтны компаниудыг шантаажлуулахаар толгойг нь илсэн аймгийн Засаг дарга, сумдын удирдлагуудын балаг.

УУХҮЯ-наас дээрх асуудлыг тодруулахад "Албан ёсны зөвшөөрэлтэй аж ахуй нэгжүүд нинжа нарын шахалтаар тэдэнтэй тохиролцож гурвалсан гэрээ гэж хийдэг хууль эрх зүй байхгүй гэсэн байна. Харин Баянхонгорын Засаг дарга нинжа нараа турхирч, компаниудыг гэрээ хий гэж шахсан нь зөвхөн эдний аймагт гардаг тохиолдол” гэсэн хариулт өгсөн.

Эндээс харахад, Баянхонгорын Засаг ноён хийгээд бусад хурган дарга нар компаниудыг дарамталж, мөнгө саасаар амташч гүйцсэн бололтой. Уг нь аль ч компани ашиг малтмал олборлох зөвшөөрөл авахдаа тухайн орон нутгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулна гэх гэрээ байгуулдаг. Хожим энэ ажлын тайлангаа гаргахад нь, орон нутагт оруулсан хөрөнгийн хэмжээ чамлахааргүй их байдаг. Гэтэл тухайн газар оронд энэ хэмжээний мөнгө зарцуулсан гээд харчих тоймтой өөрчлөлт байдаггүй. Тэгэхээр үүнийг орон нутгийн удирдлагууд А лицензтэй компаниудаас орон нутагт оруулж буй хөрөнгийг замаас нь хувьдаа завшиж, сум орны хөгжил рүү ганц ч төгрөг хүргэдэггүй нь илэрхий болж байна. Тэгээд зогсохгүй сүүлдээ даварч, "Хүслийн жагсаалт” гэсэн шантаажийн баримт бичиг үйлдэж, тэрийгээ компани бүрт хүргүүлж, хүлээн зөвшөөрөхгүй бол нинжа нарыг турхирч, ажлаа хэвийн хийх аргагүй болтол нь дарамталж байгаа ажээ.

Тиймээс энэ асуудлыг холбогдох хяналтын байгууллага, АТГ, аймгуудын удирдлагыг шууд хянадаг Ерөнхий сайд анхааралдаа авах цаг болжээ.

Р.Саруул

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.