Их нууруудын хотгор гэж нэрлэвээс зохих олон нуур үүссэн ч ойртоод харвал лаг шавар болон хаягдсан уул уурхайхны зохиомол бүтээлүүд тэнд олон. Энэ зохиомол нууранд малаа алдах иргэдийн гомдол даанч их. “Мал, малчин хоёрт амьдрахад хамгийн таатай бүс нутаг байсан. Ган болдоггүй Бор булаг, зуд болдоггүй тосон Заамарт энэ жил зун болсонгүй. Манайх бог, бод нийлсэн 400-гаад малтай. Өнгөрсөн хавраас хойш 17 үхэр зүй бусаар үхүүллээ. Алт угаасан химийн бодистой энэ уснаас ууж гэдэс нь хөөж, мал бүү хэл хүн үхэхэд ойрхон гүнзгий ангал руу унаж үхсэн гээд шалтгааныг нь тоочвол олон.
Энэ том машин, техникүүдэд малаа дайруулсан айл ч бий. Уул уурхайн бүсэд байгаа мал үхэлд их ойрхон юм. Техникүүдийн асгарсан түлш ууж үхсэн тохиолдол ч байна. Энэ бүхний дүнд малчин л хохирч үлддэг” хэмээн ярих малчин О.Мөнх-Эрдэнэтэй үгссэн мэт ижил зовлон тоочих малчидтай олон таарав. Зах замбараагүй ухсан энэ олон нүхний аюулаас гадна хөрс, бэлчээр гэх зүйлгүй болж Заамар нутаг газрын хөрснөөс арчигдахад бэлэн байгаад тэд сэтгэл зовингуй байна. Нутаг орноо гэсэн малчны үгийг дайя. “Муухай дээрээ улцан гэгчээр Заамарт улстөржсөн, намчирхасан талцал хэрээс хэтэрсэн. Уул уурхайнхан танай намын тэр дарга, манай намын энэ даргын хүүхэд гэж бие биен рүүгээ дайрдаг байсан бол одоо энэ байдал айл гэр рүү ороод ирлээ. Танайх манай ажлыг дэмжихгүй бол хүүхэд чинь цэцэрлэгт явахгүй шүү гэж дарамтладаг болсон. Цөөхүүлээ байж намчирхаж талцаад байвал нутаг орон эзгүйрдгийн жишээ нь Заамар боллоо. Иргэдийн ийм хуваагдлаас хэн хожиж байна вэ, эрх мэдэлтнүүд. Улс төрчид. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж, Б.Байгалмаа, Т.Ганболд зэрэг нэр нөлөө бүхий эрхмүүд алттай газрын дайнд мордож эцэстээ Заамарыг газрын хөрснөөс арчихад бэлэн болсныг та бүхэн харж байгаа биз” хэмээн бухимдах малчдын үг энд хад мөргөдөг.
Биднийг Заамарт очих үеэр хэд хэдэн алтны уурхай ашигласан газраа нөхөн сэргээснээ Аймгийн Байгаль орчны газрынханд “шалгуулж” байхтай таарав. Байгаль орчны газрын дарга Дашяачил бусад албаныхан нийлсэн 10 гаруй хүмүүс Заамарыг дөрвөн өдөр тойрох, шахуу хуваарьтай яваа гэнэ. Шалгалтын багийнхан “Илт гоулд” компанийн олборлолт хийж нөхөн сэргээсэн гэх талбайн нөхцөл байдалтай танилцаж байв. МАН-ын Бага хурлын гишүүн Н.Байгалмаа нь Заамарт хуушуурын гуанз ажиллуулдаг байсан “нинжа”-гаас алтны компанийн захирал болтлоо томорсон гэдгийг эх сурвалж хэлж байсан. Уг гарал нь Төв аймгийн Баянчандмань сумын уугуул түүний нэр дээрх “Илт гоулд” компани ашиглалтын лицензээ улсад хүлээлгэн өгөхөөр ийнхүү ажилласан газраа нөхөн сэргээлээ, газраа хүлээн ав хэмээн “яарч” буй нь энэ аж. Яарч гэсний учир нь тус компани алтыг нь авчихсан газраа 2014 онд нөхөн сэргээж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Гэтэл аймаг ч сум ч хүлээж авсангүй байсаар өнөөдрийг хүргэжээ. Энэ талаар “Илт гоулд” компанийн инженер “Манай Төв аймаг болон Заамар сум нөхөн сэргээлт хийсэн талбай хүлээж авсан туршлагагүйн улмаас манай ажилласан талбайг авахгүй байсаар өнөөдөр дээр нь тарьсан мод, бут сөөг талхлагдаад биологийн нөхөн сэргээлт хийсэн гэж хэн ч хэлэхээргүй болсон хойно аймгийн Байгаль орчны газрынхан харахаар ирж байна. Харамсалтай нь манай газартай хил залгаа үйл ажиллагаа явуулж байгаа “Баянгол эко Заамар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод нөхөн сэргээлт хийсэн газраа хүлээлгэж өгч чадсангүй. “Баянгол эко Заамар” компани нь ухсан нүхнийхээ шороог манай талбайд хаячихсан байна. Мөн манай талбай руу өөрийн техник хэрэгслээ оруулж ирж угсарсан нь газар хүлээлгэж өгөх ажлыг хойш нь татлаа” гэв. “Илт гоулд” компанийн дараа “Их-Ундарга” майнинг компанийн нөхөн сэргээсэн гэх нэг га техникийн нөхөн сэргээлттэй танилцлаа. Гэвч мөн л “Хүлээж авах боломжгүй. Хөрсөө дахин хуулаад давхрагын дагуу нөхөлтөө хий. Хөрснийхөө бүтцийг горимын дагуу хийгээгүй” хэмээн хүлээж авах ажлыг хойшлууллаа.
АМЬ ГУЙХ МЭТ ТУУЛ ГОЛ ОЛЗНЫ ЦЭРЭГ ШИГ...
Энэ жилийн тухайд Төв аймгийн хэмжээнд биологийн 250 га, техникийн 350 га-д нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Гэвч цаасан дээр буусан дээрх төлөвлөгөө газар дээрээ шал түүхий байгааг “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван хэллээ. Тэрбээр “Манай уул уурхайн компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаях зарчмаар ажилладаг. Харин ч одооноос нэг муу юм нөхөн сэргээлт нэрээр ухсан нүхээ булдаг болсон нь сайшаалтай. Нөхөн сэргээлтийн стандартгүй. Байсан ч компаниуд нь мөрддөггүй. Энэ тэгшилсэн гадаргуу дээр нэг см шимт хөрс бий болоход 200 жил, шимт хөрс бий болоод түүн дээр бичил биет, организм нь амьдарч эхлэхэд 500 жил зарцуулагддаг гэдэг юм билээ. Тэгэхээр нэгэнт ухаад, шим тэжээлгүй, амьгүй цагаан шороо болчихсон Заамар хэзээ ч байгаль эхийн урлаж үлдээсэн анхны онгон байдалдаа орохгүй. Нөхөн сэргээгдэхгүй гэсэн үг” хэмээв. Үнэхээр нүд аргасан их тал дайны хөлд сүйдсэн мэт дүнсийнэ. Намрын жихүүн салхинд хаа сайгүй мэлтэлзэх хиймэл нуурын дундаас эрэгээ эмтлүүлсэн Туул гол голдирол, эрэг, ай савнаасаа хальж нэг багтаж нэг үзэгдэх нь амь гуйсан олзны цэрэг шиг.
БУГАТ ЗААМАР, БУРГАСТ ТУУЛАА ХЭРХЭХ ВЭ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ
Өнөөдөр Туул голоо аврах, Туулын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуй нэгжүүдийн буруутай, үгүйг хянадаг, Туул голын усны ундарга, ширгэцэд нөлөөлж байгаа эрх мэдэлтнүүдийн дунд “шүгэл” үлээх зорилготой ТББ, иргэдийн хөдөлгөөн бишгүй байна. Түүн дотроос Туул голыг хэн гэгч эрх мэдэлтнүүд толгойноос нь эхлээд хөл рүү нь, хөлөөс нь толгой руу нь савардаж баялгийг нь халааслачихаад бусад нь падгүй гэсэн байдлаар хандаад байгааг нь эрэн сурвалжилдаг, асуудлын үзүүрээс барьж авахаар зүтгэдэг “Хөвсгөл далайн эзэд”, “Бугат Заамар, Бургаст туул”, “Мөнх ногоон хас”, “Тана” зэрэг эвсэл хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа идэвхийлэх хэрэгтэй болжээ. Учир нь манай иргэд уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчин ямар байдаг, асуудал нь хаана харьяалагддаг, хэн гэгчийн гарт очиж эрх мэдэлтнүүд, албан тушаалтантай холбогдох хэрэг замхардаг, иргэдийн хяналт, оролцоо яагаад чухал вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Мэдсэн ч манлайлан оролцдоггүй, төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр миний чадах зүйл биш гэсэн байдлаар ханддаг нь цөөн тооны хүмүүст боломж олгодог. Монголд газрын хэвлийг ухах эрх дархтай хэдхэн хүнээс өөр иргэн байдаггүй мэт аашилдаг болсон нь ард түмний болон тухайн орон нутгийнхны оролцоо ямар сул байгааг харуулна гэдгийг тэд хэлж байгаа юм. Тухайлбал, компаниуд нөхөн сэргээлт хийсэн нэр зүүгээд орон нутаг, аймагтаа газраа хүлээлгээд өгчихдөг. Гэтэл онцгой, энгийн хамгаалалтын бүс доторх алтны шороон орд, олборлолт хийж байгаа газар нь гол уу, голын голдирол уу, уурхайн далан уу гэдэг нь ялгагдахаа больсон байдгаас ундны ус, Туул голд учруулсан хохирлыг барагдуулдаггүй. Усны тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталсан байдаг ч сүүлийн зургаан жил хэрэгжүүлээгүй. Уул уурхайнхнаас усны төлбөр аваагүй гэж хэлж болно. Тэгэхээр зайлшгүй ундны усны хомсдол үүсэх аюулд хүргэсэн алтны компаниудыг төр өөгшүүлж толгойг нь илж байхад иргэд юу ч хийж чадахгүй, хүчгүйднэ. Заамарын ам бүхэн рашаантай байсан. Одоо энэ рашаан, ус үгүй болсон. Яг үүн шиг нөхөн сэргээлт нэрээр биднийг хуурч байна” хэмээсэн. Иргэдийг ингэж хуурах ганц шалтгаан нь хуулийн “цоорхой” гэнэ. Тухайлбал, ашиглаж, алтыг нь ухаж авсан газраа өөр компани, хувь хүнд шилжүүлсэн, зарсан гээд нэр бүхий компаниуд усанд хаясан чулуу шиг алга болдог. Хоёр, гурав дахь компани гарч ирэнгүүтээ минийх биш, биднийг ирэхэд ийм байсан гээд ухсан нүх, сэндийчсэн газраа холбогдох эзэнгүй болгочихдог. “Газрыг шилжүүлж буюу худалдаж авсан компани нөхөн сэргээлтийн болон бусад асуудлыг хариуцна” гээд заачихсан нь хууль завхаруулагчдад сайхан боломж олгожээ. Энэ нь ч үнэний ортой аж.
Заамар сум өдгөө 7500 орчим өрхтэй ч иргэд нь хоёр хуваагдан нэг хэсэг нь мөнгөтэй компанийн хөнжилд багтчихсан бол нөгөө хэсэг нь газар нутаг сүйдэж байна. Мал, малчин хоёр Заамарын нутгаас арчигдах нь ээ гэсэн үзэл бодол, тэмцэлдээ үнэнч байсныхаа төлөө адлагддаг гэдгийг нутгийнхан учирлаж байна. Бид дараагийнхаа нийтлэлээр Заамарын усны хомсдол, уул уурхай дагасан Туулын хөөрхийлөлтэй дүр зургийг газар дээрээс нь хөндөх болно.
М.МӨНХТУНГАЛАГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/