ИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бүлгийн хуралдаанаар ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэх нэн шаардлагатай байгаа гол, гол хуулиудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Юуны өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдлээ. Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Татварын багц хуулиудын өөрчлөлтүүдийг чуулганд яаралтай оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзэж байна. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын албаны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг ярилцаж шийдвэр гаргалаа. Хэлэлцэх шатандаа байгаа 44 хуулийн төслийг яаралтай УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлж батлан гаргах хэрэгтэй гэдэг дээр гишүүд мөн санал нэгдсэн гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.
-Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд орсон байгаа. Энэ хуулийг батлах ёстой гэсэн Ардчилсан намын бүлгийн байр суурь хэвээрээ байгаа юу?
-Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг байнгын хороо нь буцаан татсан ч Ардчилсан намын бүлэг энэ хуулийг дэмжсэн хэвээрээ байгаа. Хуулийг нийтэд танилцуулах асуудал дутагдалтай байна гэж үзэж байна. Нийслэлийн албан татвар бол бусад улсад байдаг л зүйл. Такс дээр нэмэх нь хотын татварын асуудлыг ярьж байгааг иргэдэд ойлгуулах ёстой. Архи, тамхины татвар манайд тийм өндөр биш. Гол нь энэ асуудлыг улстөржүүлээд байгаа юм. Гэсэн хэдий ч цаашид хэлэлцүүлээд батлах нь чухал.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталснаар ямар зохицуулалтууд бий болох вэ? Бизнес эрхлэгчдийг дэмжсэн яг ямар бодлого хэрэгжиж эхлэх вэ?
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар аж ахуйн нэгжүүд бүртгэлд оруулаагүй, далд орлогоо мэдүүлж, ингэснээр бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн тодорхойлохуйц тоон мэдээлэлтэй болно. Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл дээр татвар болон бусад орлого, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ногдуулсан ял шийтгэл, түүнчлэн мөрдөн байцаах болон шүүхийн шатанд байгаа хэргүүдийг хэрэгсэхгүй болгох боломж бүрдэх юм.
-Энэ хууль батлагдсанаар хичнээн ААН-ийн хичнээн хэмжээний татварын асуудал цэгцлэгдэх вэ? Тодорхой тоо хэлэх боломж байна уу?
-Одоогийн байдлаар 11 мянга мянга орчим аж ахуйн нэгж татварын асуудалтай байгаа гэсэн мэдээлэлийг Татварын ерөнхий газраас өгч байсан. Илүү тодорхой мэдээлэл одоогоор алга.
-Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан Тавантолгойн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт зохих байгууллагуудаас мэдээлэл авах хүсэлт илгээсэн байсан. Хариулт нь ирсэн үү, Л.Эрдэнэчимэг гишүүний зүгээс энэ талаар тайлбар хийсэн үү?
- Ажлын хэсэг одоогоор шинэ мэдээлэл өгөөгүй байна.
- See more at: http://www.unen.mn/content/49733.shtml?alias=politics#sthash.xvtJcHGL.dpuf