Сүүлийн гурав хоногт нийгмийн сүлжээгээр
дүүрэн нэг хувраг, түүнд ёслох цэрэг цагдаагийнхан, энэ үйл явдал нь
аймаг даялан үргэлжилж буй хошин фото зураг тэнүүчлэх болов. Эхлээд
эвлүүлэг байгаасай гэж хүссэн ч сүүлдээ эрх бүхий байгууллагууд ч
тайлбар хийн мэдэхээ болив. Манай Үндсэн хуульд "төр нь шашнаа
хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан. Гэхдээ ингэж хүндэлнэ
гэж байх уу даа.
Үе үе манай шашин
төрийн холбоос цочтол ингэж холилдож инээдэм, ханиадам болдог юм.
Өнгөрсөн зуунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүссэн хүсээгүй хүүхэд,
хөгшчүүддээ Ганданд ном хуруулаад бөөндчихдөг байв. Хожим нь түүний
хобби болох шахсан энэ үйлдэл нь гэмт хэрэгт холбогдоод хорихоос алга
хавсран наминчлаад гараад ирснээр өндөрлөж төрийн тэргүүн асанаа будда
ахад нь даатгаад орхихоос аргагүйд хүрсэн.
Харин
сүүлийн өдрүүдэд алс хязгаар аймгуудад болон цахим хуудаснаа залраад
байгаа энгэртээ луутай энэ бурхныг "дайны бурхан” гэдэг гэх. Элдэв барам
лүд шатаах түүнд бөхийсөн төрийн тусгай албан хаагчдын тухайд учир нь
тайлагдаагүй байна. Цэрэг, цагдаа ч гэсэн хүн юм хойно гэж сүсэг
бишрэлийг нь хүндэтгэж болох ч тэд ядаж дүрэмт хувцсаа агсан ёслох
учиргүй баймаар. ЦЕГ-ын эх сурвалжийн хэлснээр тус газраас лав чиглэл
өгөөгүй, дур мэдэн хийсэн үйлдэл болж таарлаа. Тэгэхээр тухайн орон
нутгийн удирдлагыг хардаж болох юм.
Энэ
дашрамд ямар үед ийм хийрхэл олны анхаарлыг сарниулж байсныг нэхэн
дурсав. Жишээ нь Фрийдландыг Оюутолгойд шүлсээ үсчүүлж явахад тэр үеийн
Ерөнхийлөгч Н.Энхбаяр бурханч лам Г.Пүрэвбатыг зөвлөхөө болгож 1937 онд
хэлмэгдсэн лам нарын гавлыг түүж олныг үймрүүлж явлаа. За тэгээд анхны
Ерөнхийлөгч П.Очирбат үзмэрч Дашцэрэнгийн хамт Ромбу гаригтай холбоо
тогтоож удаах Ерөнхийлөгч Н.Багабанди Ажаа гэгээн гэгчийг анх урьж
байсан гээд тухайн цаг мөч бүхэнд Монголын төр үнэ цэнтэй объектоо
хувьчлах, үүц баялгаа ухуулах гэхчлэн заавал "чоно борооноор” гэдэг шиг
үйл явдал ард нь өрнөж байжээ.
Хожуу
үеийнхээс гэвэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад "Есдүгээр Богд”
Монголд эргэж төрөхөө амлаж хойд дүрийг нь улстөрчдийн удам угсаанаас
баахан хайв. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Майдар төсөлтэй нь
холбогдуулан Майдар бурхныг шүтдэг гэдэг. Үүнийхээ зэрэгцээ бүтээн
байгуулалтын ажил хийлээ гэж магтуулан мөнгө угаалаа гэж хардуулж байсан
удаатай.
Түүнийг төмөр замын цариг
ярин ид маргаж байхад халуухан өрсөлдөөнийх нь үеэр гэнэт ханхүү ч
билүү,хунтайж ч билүү тодорч тэр нь "гол дайсан” Г.Батхүү болж
"Тангарагийн буг” гэж хочлуулан Шүгдэнгийн хайртай хүү болж орхив. Гэтэл
Г.Батхүү нь Далай ламыг Монголд айлчлахад өөрийн биеэр жолоочоор нь
үйлчилж ч явах шиг. Мөн Осгонбаяр гэгч ойворгон хувилгаан Г.Батхүүгийн
дүү П.Батсайханыг алгадчихлаа гэж шуугих мөртөө улстөрчид, бизнесмэнүүд
ил далд дагаж гүйлдсэн нь бараг "мода” болсон гэлтэй. Тэр "бренд”
тэгсгээд намжихийг бодоход бас л зорилготой байсан биз. Тавантолгой,
төмөр зам ид яригдаж байсан л үе юм даг.
Харин
одоо дахиад л Тавантолгой, өмч хувьчлал олны анхаарлын төвд байна.
Эхлээд Тавантолгойн өлгий Өмнөговиос сонгогдсон гишүүнийг тахилгын ёслол
үйлдсэн "хэргээр” баахан бааллаа. Одоо энэ цагдаа цэргээр хүрээлүүлсэн
"Дайны бурхан”. Энэ бүхэн олны анхаарлыг өөр тийш хандуулж араар нь
хулгай, луйврын шийдвэр гаргаснаар л төгсдөгсөн. Хэрхэхийг зүг зүгийн
бурхан тэнгэрүүд, орон орны шүтээнүүд таалах болтугай.Төр нь төр шиг,
шашин нь ангид байж түмний эрх ашгийг сүсэг бишрэлээр нь тоглож
хохироохгүй л байгаасай. Гэвч уул усаа тахьсан "Наминчлал” бүхний ард
улс төрийн зорилготой намнаан байсныг бүү март!
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10527