Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Монгол Улс нийт 1,7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн таницууллаа.
Фэйсбүүк хэрэглэгчдийн цөөнгүй хувийг насанд хүрээгүй хүүхдүүд эзэлдэг болохыг цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээс харж болно. 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, цахим гэмт хэргийн тоо хоёр дахин нэмэгдсэн байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан хэлсэн.
Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал иргэн Б бага насны охидуудтай фэйсбүүкээр танилцаж, цахим хэлбэрээр үерхэж улмаар 200 гаруй охины нүцгэн зургийг авч, мөнгө нэхэж дарамтласан, бэлгийн харилцаанд ордог байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байгаа юм. Өсвөр насны хүүхдүүд энэ мэт байдлаар цахим гэмт хэргийн хохирогч болсон ч хэнд ч хэлэхгүй, нуучихдаг. Эсвэл хэнд хандахаа мэддэггүй. Ингээд л бие, махбодь сэтгэл санаагаараа хохирч үлддэг.
Хүүхдээ цахим гэмт хэргийн золиос болгохгүйн тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглээг хянах нь чухал байна. Фэйсбүүкээр хэнтэй найзалж, харилцаж, ямар зорилго, чиглэл бүхий цахим группт элссэн зэргийг үргэлж хянаж, фэйсбүүкийн найзуудын жагсаалттай танилцаж, танихгүй нэгнийг нь устгаж байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Үгүй бо таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлнэ.
Хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул цагдаагийн байгууллагаас "Unfriend" хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэхүү хөдөлгөөнд иргэд, олон нийт ялангуяа эцэг эхчүүд анхаарал хандуулж хүүхдийнхээ фэйсбүүкийг хянаж, танихгүй болон зүй бус үг үйлдэл илэрхийлсэн найзуудыг нь жагсаалтаас хасахыг уриалж байна.
Г.Сүрэн