ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААДАГ ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЕ


ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААДАГ ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЕ

 

Сошиал орчин сайн муу хоёр талтай. Уг нь зөв мэдээлэл авах, солилцох зорилгоор ашигладаг баймаар юм. Гэвч нөгөө талд "Миний эрх чөлөө миний орон зай. Хүн юугаа бичиж оруулах өөрийнх нь асуудал” гэсэн хандлагаар ханддаг хүмүүс байдаг бололтой юм.


Заримдаа бүр ор үндэслэлгүй худлаа мэдээлэл тарааж, түүнийг нь хэдэн мянган хүн уншиж, лайк дарж шэйрлэнэ. Хүний санаанд оромгүй худлаа зүйл бичин тарааж, хүмүүсийн хандалт авдаг муухай арга барилтай болжээ.
 
Тиймээс энэ цахим орчинд цензур хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хүний ажил төрөл, цаашлаад амь амьдрал яригдана. Нэг хүний болчимгүй буруу мэдээллээс болж нэг айлын амьдрал нурвал яана аа. Тэгэхээр санаатай бай санаандгүй дам сонссон мэдээлэлээ баталгаажуулаагүй, эх сурвалжгүй мэдээлэл тараасан хүмүүст хуулийн хариуцлага хатуу тооцож байя.
 
Сүүлийн үед хараад байхад нэгнээ хорлох гэсэн нэгнээ жигших гэсэн хүмүүсийн явуургүй үйлдлүүд олон харагдаж байна.
 
Гэр бүлийн амьдралаа түмэн дэлгэж, олноор хараалгаж ерөөлгөж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд садар самуун сурталчилсан зургаа хайр найргүй цацах юм. Хүний нэр хаяг ашиглаж фотошоп хийж бусдыг доромжилж гүтгэж, харааж байна.

Ер нь нийгэмд тэр дундаа олон нийтийн сүлжээнд гэрэлтэй гэгээтэй зүйл гэж бараг алга. Өдөр бүр муу муухай зүйлийг давалгаалан гавьяа байгуулсан аятай тараах юм. Бүр улангассан чоно мэт уншдаг, доор нь хэрүүл хийж бах таваа хангадаг уншигчид ч ямар олон болоо бээ.
 
Өнөө өглөө гэхэд яр шархандаа баригдсан бор гөрөөсний зураг олон нийтийн сүлжээнд хүчээ авав. Харахад ч аймар муухай зураг юм.
 
Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ялбаг гэдэг газар уул уурхайн хорт бодисонд хордсон гөрөөс гэнэ дээ. Эх дэлхий байгаль минь ийм болж, эцэстээ ан амьтан нь хордож үхлээ гэсэн постыг хүн бүр шэйрлэж, үнэн худлаа хэмээн маргаж мэтгэлзсэн постууд хөвөрсөөр байна.
 
Гэвч энэ бор гөрөөсний зураг гадаад сайтад 6 жилийн өмнө тавигдсан зураг байх юм. Харахад ч нүд хальтирмаар эвгүй зураг харагдав.
 
Яах гэж ямар зорилготой ийм худал мэдээлэл тараадаг юм. Худал хуурмаг, ташаа мэдээлэл тарааснаар танд ямар ашигтай юм бэ. Аливаа юм үнэн зөв, цензуртай, эх сурвалжтай, баталгаатай байвал зүгээр юмсан. Худал мэдээ тараагчдаар нийгэм дүүрчихсэн шинжтэй.

Дээрх бор гөрөөсний талаарх худал мэдээллийг Enkhee sukhdorj гээд уул уурхайд (Саус Гоби Сэндс) ажилладаг залуу тараажээ.

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар "Бид тогоо уруугаа нулимж суухад хүний хүн хөмрөх нь ч аргагүй юмдаа.
Үнэхээр уул уурхайгаас болоод ийм болчихсон юм уу гэтэл бор гөрөөснүүдэд нийтлэг тохиолддог вирусын халдварт өвчин байжээ.

Жишээ нь энэ мэдээ 6 жилийн өмнө гадаадын сайтууд дээр гарч байж. Худал мэдээ түгээгчид ямар хариуцлага тооцох вэ. Ард нь салбар хохирч, хүний ажлын байр яригддаг юм шүү. Өнөөдөр чи салбараа хамгаалахгүй бол маргааш чи гудамжинд лааз өшиглөнө” гэж чухам үнэнийг хэлжээ.
 
Сэлэнгэ аймгийн холбогдох эх сурвалжууд ч энэ мэдээллийг ташаа болохыг бататган хэлсэн юм.

Иймэрхүү хуурамч мэдээлэл тарааж түүнд нь итгэж элдвээр хэлж, бичиж байгаа болон элдэв худал мэдээллийг захиалгаар тарааж буй иргэд энэхүү үйлдлээ таслан зогсоохыг хүсье.





О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.