Хойд Солонгос өчигдөр өглөө дэлхий дахинд гэнэтийн бэлэг барьж, устөрөгчийн бөмбөг туршиж үзсэнээ зарласан. Туршилт амжилттай боллоо хэмээн бахархалтайгаар зарласан энэ баярт мэдээ нь тэдэнд удахгүй муу мэдээ дуулгах нь дамжиггүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосыг донгодох ээлжит арга хэмжээнийхээ тухай аль хэдийнэ хэлэлцээд эхэлсэн байна.
Түүнчлэн коммунист Солонгосын цөөн хэдхэн түншийн нэг БНХАУ цөмийн туршилт хийснийг нь эрс буруушааж байгаагаа мэдэгдсэн. Япон, Өмнөд Солонгос гээд бүс нутгийн томоохон орнууд ч Хойд Солонгосын энэ үйлдэлд хатуу арга хэмжээ авахыг НҮБ-аас шаардаж байгаа. Гэвч дэлхий нийтээрээ эсэргүүцэн хориглолоо гээд Хойд Солонгосыг зогсоож чадах уу.
Аль хэдийнэ хориг арга хэмжээ авахуулчихсан байгаа хэрнээ 2006 оноос хойш дөрөв дэх удаагаа цөмийн зэвсэг туршиж үзээд буй Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоо гэсний зоргоор зогсоодог, хэлсэн амандаа хүрдэг улс биш гэдэг нь өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлогдсон. Тийм ч учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ гэдэг одоо ёс төдий сонсогдох болжээ.
Эдийн засаг, санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа гэдэг Хойд Солонгос 1,2 сая цэрэг бүхий армиа авч явахад амаргүй байгаа учраас хамаагүй бага зардлаар цөмийн зэвсэг хөгжүүлэхэд илүүтэй анхаарч байгаа хэмээн ажиглагчид үздэг.
Хэрэв Хойд Солонгос үнэхээр зарлаад байгаа шигээ устөрөгчийн бөмбөгтэй болсон бол хамгийн түрүүнд аюулд өртөх магадлалтай Өмнөд Солонгос ч үнэндээ эсэргүүцлээ илэрхийлэхээс хэтэрч чадахгүй л байна. Тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе "Хойд Солонгос цөмийн туршилт хийснийхээ үнийг төлөх болно гэж бид сануулсаар байгаа” гэж мэдэгдэж байх жишээтэй. Тийм ээ, тэд сануулсаар л байгаа. Гэвч өнгөрсөн гурван удаагийн туршилтын дараа ямар нэгэн өөрчлөлт гараагүйтэй ижил энэ удаа ч бас сануулаад л өнгөрөх биз.
Хойд Солонгос ийн цөмийн туршилт хийсний хариуд олон улс ямар арга хэмжээ авах нь одоо тийм ч сонин биш болж. Харин тэд үнэхээр устөрөгчийн бөмбөг туршсан уу гэдгийг олж мэдэх л хамгийн их анхаарал татаж байна.
АНУ гэхэд хэдийнэ анхан шатны дүгнэлтээр устөрөгчийн бөмбөг туршсан гэдэг нь бодит нөхцөл байдалтай авцалдахгүй байна гэж мэдэгдсэн. Цөмийн туршилтыг хянадаг Норвегийн "Норсар” байгууллагын судалгаагаар ч устөрөгчийн бөмбөг туршсан гэхэд хамаагүй бага хүчтэй газар хөдлөлт болсныг онцолж байна. Өчигдрийн туршилтын дараа болсон газар хөдлөлтийн хүчээр хэмжвэл 10 мянган тон тэсрэх бодис дэлбэлсэнтэй тэнцэх хэмжээний дэлбэрэлт болсон аж. Энэ нь дэлхийн II дайны үед Хирошима,
Нагасаки дээр АНУ-ын унагасан атомын бөмбөгөөс ч бага хүчтэй байгаа юм. Хэрэв Хойд Солонгос үнэхээр устөрөгчийн бөмбөг туршсан бол үүнээс хавьгүй хүчтэй дэлбэрэлт болж, тэр хэрээр газар хөдлөлтийн хүч өндөр байх байсан хэмээн Лондон дахь Кингс коллежийн цэргийн эксперт Мартин Навиас үзэж байна.
Тэгэхээр Хойд Солонгос магадгүй цөмийн зэвсгийн тал дээр ахиц олсон байж болно. Гэхдээ сая туршсан нь устөрөгчийн бөмбөг лав биш гэж барууны судлаач шинжээчид үзэж байгаа юм.
Гэвч Хойд Солонгосын мэдэгдээд байгаачлан үнэхээр устөрөгчийн бөмбөг байв уу, эсвэл олон улсын шинжээчдийн үзэж байгаачлан ердийн атомын бөмбөг үү гэдгийг батлан хэлэхэд хэцүү. Өнгөрсөн удаа буюу 2013 оны цөмийн туршилтын үеэр ч шинжээчид Хойд Солонгос чухам уран, плутони хоёрын алийг нь ашигласныг ч эцэслэн тогтоож чадаагүй билээ. Ямартай ч Хойд Солонгос арай ч устөрөгчийн бөмбөгтэй болоогүй байх гэдэг таамаг л одоогоор байгаагаас биш яг таг батлан хэлэх баримт нотолгоо, шалтгаан үндэслэл ч алга байна. Харин хэдэн хоногийн дараа шинжээчид илүү нарийн дүн шинжилгээ хийсний дараа энэ талаар тодорхой дүгнэлт гаргаж болно хэмээн CNN мэдээлж байна.
Эх сурвалж: CNN
Б.Сэвжидмаа
Сэтгэгдэл