Монгол Улсын Засгийн газраас Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 гэр хорооллын, 20,600 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэх зориулалттай эрчим хүч дамжуулах дэд станц барих шийдвэр гарсан билээ. Дэд станцын барилгыг нийслэлийн хойд хэсэгт байрлах 70 давхрын оршуулгын газарт барихаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас барилга барих зурвас газарт орсон шарилыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт бүх шарилуудыг ёс журмын дагуу чандарлаж, далан давхрын суваргад залсан юм.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун: "Дэд станц барих 1.5 га газрыг чөлөөлж дууслаа. Иргэд 70 давхрын оршуулгын газрыг тэр чигээр нүүлгэж байгаа мэтээр ойлгож "Манай талийгаачийн шарилыг яасан, нүүлгэн шилжүүлчихсэн үү” гээд их асууж байна. Дахин хэлье барилга барих 1.5 га газрыг л чөлөөлж байгаа. 2018 оны Засгийн газрын 88 дугаар тогтоолоор Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 20 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаадаг болоход хүчдэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой Дэд станц барих шийдвэр гарсан юм. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба газрыг чөлөөлөх, шарилж шилжүүлэх ажлыг "Улаанбаатар буян”, "Суварга буян” гэсэн оршуулгын үйл ажиллагаа явуулдаг хоёр туршлагатай компаниар ёс журмын дагуу хийж гүйцэтгэлээ. Хөндсөн шарилуудаа нэг бүрчлэн ёс журмын дагуу чандрын зууханд чандарлаад 70 давхрын суваргат заллаа. Нэр нь тодорхой монгол иргэний 19, БНХАУ-ын иргэний 17 шарил байсан. Харин хөшөө чулуу байхгүй талийгаачийг хэн гэдгийг нь мэдэх боломжгүй 762 шарил барилгын зурвас газарт байсныг чандарлан суваргат хүндэтгэлтэйгээр заллаа. Хөшөө чулуутай, ар гэртэй нь холбогдох боломжгүй шарилуудыг барилгын зурвасаас гаргаад, хөшөө чулууг нь сэргээж хүндэтгэлтэйгээр оршуулсан. Дөрвөн талийгаачийн ар гэрийнхэн бидэнтэй ирж уулзан чандарлуулахыг зөвшөөрсөн. Иргэд энэ ажилд олон талтай хандаж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж буй ажлыг дэмжиж байгаа. Гэхдээ зарим иргэд маань талийгаачийн шарилд хүндэтгэлтэй хандаасай, буруу зөрүү өдөр хөндчих вий гэсэн болгоомжлол байсан. Бид энэ ажил дээр маш анхааралтай, болгоомжтой мэргэжлийн байгууллагын туслалцаатай ажлыг зохион байгуулж цаг хугацаандаа хийж гүйцэтгэлээ” гэсэн юм.
Сэтгэгдэл