Уламжлалт их өр


Х.ӨЛЗИЙ

Орос улс их өрийн үлдэгдэл 174 сая долларыг "тэглэх” нь

ОХУ-ын Төрийн ДУМ-ын нэгдүгээр сарын 22-ны баасан гарагийн хуралдаанаар 2000-2003 онд Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт өрийн 97,8 хувийг чөлөөлөхөд үлдсэн 174,2 сая долларын өрийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр ДУМ-ын гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. "Монгол Улсаас ОХУ-д төлөх санхүүгийн өрийг чөлөөлөх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай” хуулийн төслийг ОХУ-ын Засгийн газар хууль тогтоох дээд байгууллага болсон Төрийн ДУМ-даа өргөн бариад байсан юм.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын өрийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд 385 депутатаас 47 депутат л эсрэг санал өгчээ. Хэлэлцээр ёсоор 174,2 сая ам.доллараас 97 хувийг чөлөөлөхөд Монгол Улс 3,8 сая долларын өр төлөх юм. Хэрэв ДУМ хуулийг баталчихвал Монгол Улс 3,8 сая доллараа 30 хоногийн дотор төлөх ёстой.

Хуулийн төсөлд зааснаар Монгол Улсаас ОХУ-д төлөх өрийг цайруулах нь хоёр талын хамтын ажиллагаа, ялангуяа Оросын компаниуд Монголын тээвэр, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах явдлыг дэмжих чухал хүчин зүйл болох юм байна. ОХУ-ын Төрийн Думын "Шударга ёс” фракцын орлогч Михаил Емельянов сэтгүүлчдэд "энэ өрийг эцэслэн шийдвэрлэснээр хоёр улс харилцан ашигтай хөрөнгө оруулах, Оросын бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд нэвтрэх замыг нээнэ. Өрийг чөлөөлж, хөрөнгө оруулах боломж олгоно гэдэг бол дэлхий нийтийн жишиг” гэж хэлжээ.

Төрийн ДУМ-ын хурал­даан дээр Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский  үүнд эсэргүүцлээ илэрхийлэн "Монгол өрөө бартераар төлөхөд бэлэн байсан шүү дээ. Тэд 30 сая хоньтой. Манай Өвөр Байгалийн хязгаар хоньгүй. Өрөндөө хонь авах байсан юм, даан ч Эдийн засгийн хөгжлийн сайд бидэнд валют хэрэгтэй гээд байсан. Бод л доо, яагаад мах хэрэггүй, валют хэрэгтэй гэж. Валютгүй улсаас валют нэхээд байгаа ч дараа нь валютаар л мах худалдаж авах нь тодорхой шүү дээ” гэж хэлжээ.
Хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 29-нд буюу маргааш болно гэж gazeta.ru мэдээллээ.

 
Их өрийг эргэн сөхөхүй

Энэхүү мэдээллийн дараа олон хүнд энэ өрийг чинь тэглэчихсэн биш бил үү гэх эргэлзээ төрөх биз. Тийм ээ, 2003-2004 онд шилжих мөчид манай төр Засгийн тэргүүнд байсан нөхөд энэ тухай учиргүй баяр хөөр болон зарласан нь түүхэн үнэн. Уйлах нь уйлж, дуулах нь дуулаад үнэндээ зарим хэвлэлд тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаярт ардын баатар цол өгөх тухай ч цухуйлгасан. Тэгвэл юун 174,2 сая ам.доллар буюу 384 тэрбум төгрөг /одоогийн ханшаар/ гараад ирсэн билээ. Энэ тухай эргээд саная.

"Их өр” хэмээн Монголын шинэ үеийн түүхэнд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн нэгэн нэр томъёо бий. Энэ бол Оросоос Монгол Улс 1947-1990 оны хооронд социализмыг байгуулахын төлөө авсан зээл тусламж болох 11,4 тэрбум шилжих рублийн өр юм. Энэ мөнгөөр төмөр замаа тавьж, цахилгаан дамжуулах шугамаа барьж, дулааны станцтай болж, уурхайгаа ашиглаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэр гээд хэдэн арван томоохон бүтээн байгуулалтын ард гарсан гэдгийг манай томчууд толгой дохин хүлээн зөвшөөрдөг.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн мөчөөс эхлэн ОХУ-ын зүгээс мөн манай талаас их өрийн асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. Хэдийгээр үе үеийн Засгийн газар боломжийг эрж хайсаар байсан ч 2000-2004 онд ажилласан Н.Энхбаярын Засгийн газар энэ өрийг "дарсан” гэдэг пиар өнөөдөр ч хүчтэй хэвээр байгаа юм.

Гэхдээ Н.Энхбаярын Зас­гийн газрын үед л ОХУ-аас авсан Их өрийн асуудал тодор­хой хэмжээгээр шийдэгдсэн гэдэг нь маргашгүй үнэн. 11,4 тэрбумын шилжих рублийг бид 250 сая ам.доллараар хаачихлаа гэж хөөрцөглөж байтал Монгол Улс ОХУ-тай хамтран эзэмшдэг "Мон­­­гол­­росцветмэт”-ийн бүрт­­гэ­­лээ тас мартчихсан бай­сан гэнэ. Өөрөөр хэлбэл "Монголросцветмэт”-ийг анх байгуулахад ОХУ оруулсан 180 сая ам.долларын хөрөнгө буюу зээл нь сөхөгдөн гарч ирсэн гэж тайлбарладаг юм.

Халхголын ялалтын 70 жилийн ойд орол­­цохоор ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев их өрийн үлдэгдэл болсон 180 сая ам.доллараа хэрхэн барагдуулах тухайгаа асууснаар сөхөгдсөн ч манай зүгээс хэлгүй дүлий царайлж байж гэмээнэ 2010 онд Ерөнхий сайд Сү.Батболдын айлчлалын үеэр  97 хувиа тэглүүлж, 3,8 сая ам.доллар төлөх гэрээ хийж чадсан ч шийдэгдэлгүй явсаар өнөөдөртэй золгосон аж. Уг нь 2011 онд төсөвт энэ өрийг төлөхөөр суулгасан гэдэгч одо л хэлэлцэгдэж байгааг бодвол төлөөгүй гэх гаргалгаа л үлдэж.  Гол нь энэ асуудал шийдэгдэж гэмээнэ шинээр зээл олгох хэлэлцээрийн тухай яригдах нь тодорхой. 2010 онд хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр ОХУ-ын Сангийн сайд ч энэ тухай дурдсан байдаг. Учир нь, ОХУ хууч­ны өрөө барагдуулаагүй бол дахин зээл олгохгүй бай­хаар хуульчилсан байдаг аж.


Өрөө дарчихвал...

Төрийн ДУМ маргаашийн хуралдаанаараа Монгол Улсын 174,2 сая ам.долларын өрийг тэглэж, хүссэнээр нь 3,8 сая ам.доллар төлүүлэхээр хуульчилбал бид 30 хоногийн дотор энэ мөнгийг төлөх ёс­той гэнэ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 29 гэхэд 7 тэрбум 600 сая төгрөг ОХУ руу шилжүүлнэ гэж ойлгох нь. Ингээд нэг юм Их өрийг тэглэлээ гээд ахин зарлах боломжтой болно. Хэрвээ ахиад л бүртгэлийн асуудал гараад ирчихгүй бол...

Дараа нь ОХУ-тай ахиад зээл авах тухай ярилцах нь тодорхой. Өнгөрсөн оны сүүлээр Өвөр Байгалийн Чита хотод болсон Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар энэ талаар хөндсөн гэдгийг ТАСС мэдээлсэн юм. Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын талаас Байгалийн нөөц экологийн сайд Сергей Донской нарын даргалсан  хуралдааны үеэр Монгол Улс Орост тавьсан хуучны өрийн асуудлыг шийдэх тухай ярилцаад энэ асуудлыг удахгүй шийдвэл рублиэр дахин зээл авах хэлэлцээг эхлүүлэх хууль зүйн үндэслэлтэй болно гэжээ.

Тиймээс Төрийн ДУМ-ын гишүүдийн дийлэнх эхний удаад дэмжсэн учраас өрийн асуудлыг гацаалгүй шийдэх нь тодорхой байх. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны проткольд бичсэнчлэн удахгүй Монгол Улсын рублиэр зээл авах асуудлыг ОХУ-ын Засгийн газар хэлэлцэх биз.

ОХУ-ын мэдээллийн "ТАСС” агентлагийн мэдээнд Монголын эрх баригчид ОХУ-аас 1 тэрбум рублийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хүссэн ч эцсийн хэмжээг тохиролцоогүй гэж буй. Энэхүү мэдээллээс үзвэл бид 3,8 сая ам.долларын өрөө дарчихвал 12 сая ам.долларын зээл хүсэх эрхтэй болох нь. Гэхдээ өрийг эцэслэн шийдсэнээр зөвхөн зээл авах асуудал сөхөгдөөд зогсохгүй ОХУ-ын компаниудад Монголд хөрөнгө оруулах таатай боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.