Авто замын уулзваруудын гэрлэн дохиог аль ч утгаараа аюулгүй байдлын том баталгаа гэж хэлж болно. Энэ утгаараа асах, шилжих цаг хугацааг нарийн тооцоолсон байх учиртай. Гэтэл нийслэл хотын гэрлэн дохионуудын асалт жолоооч нарт илт давуу байдал бий болгож, явган зорчигчдыг "түргэн авахуулах” байдлаар зохицуулагддаг. Товчхондоо явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах ногоон гэрэл хэтэрхий богино хугацаанд асдаг. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөл гар муутай хүн бол ногоон гэрлээр амжиж зам гатлана гэдэг бол аз сорьсон алхам болж хувираад байна. Замынхаа өргөн нарийныг ч бодолцож үзээгүй, хөндлөн замын дунд нь явж байхад өнгө нь солигдож байдаг.
Олон урсгалтай, өргөн хоёр замтай гарцуудад нэг замаа гараад дараагийн замаа гарах гээд дөнгөж дунд нь ороод явж байтал улаан гэрэл асчихна. Улаан гэрэл асангуут машинууд чигнаалаа дарах, эсвэл тоормосоо ойр ойрхон гишгэж эхлэх нь зам хөндлөн гарч байгаа иргэдэд айдас дарамт болж замаа хурдан гарахын тулд гүйхээс өөр аргагүй. Гэтэл энэ хүмүүс дотор нялх балчир үрсээ хөтөлсөн ээж аавууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангууд маань бас бий. Тэд тэгж жолоочийн яаруулж тэвдүүлснээр зам түргэн гарч чадахгүй. Ийм хүмүүст гүйж харайх хөдөлгөөний эрх чөлөө дутуу дундуур байдаг. Өөдрөгөөр бодоход яахав, урин дулааны улиралд бол унаж тусалгүй замаа гарчихна. Харин өвлийн цагт яарч сандарч зам гарах гэж байгаад хальтирч унаж, гэмтэх асуудал их байдаг. Иймд ядахнаа өвлийн цагийн хуваарь гэдэг шиг хүйтэн сэрүүний улиралд ногоон гэрлийн асах цагийг 5 секундээр ч болов нэмэгдүүлэх боломжийг судлан үзмээр байна.
Хүмүүс ногоон гэрэлтэй холбоотой ямар санал гомдол ярив. Баянзүрх дүүргийн иргэн Сүрэн: 2017 оны өвөл ээж маань хөдөөнөөс ирээд манай бага охинтойгоо хамт зам гарах гээд замын голд явж байтал улаан гэрэл асахаар нь сандарсандаа хүүхдээ хөтлөөд гүйх гэтэл зам дээр тогтсон мөсөн дээр халтиран унаж шанаагаа цөмлөж, гараа хугалчихсан. Харин ч хүүхдээ хөтөлж явсан болохоор ойчилтын хүч нь саарч шанаагаа цөмөлсөн. Хэрэв ганцаараа байсан бол бүр нүүрээ нилд нь гэмтээхээр байсан гэсэн. Бид гэмтлийн эмнэлэг дээр аваад очиход халтиргаа гулгаанаас болж гэмтсэн хүмүүс маш олон байсан. Хугарсан гар нь 2 сар болж байж эдгэсэн, гэтэл шанаа нь цөмөрсөнөөс одоо нүүрэн дээр нь том хонхорхой тогтсон. Ээжийг юундаа гүйсэн юм бэ зугуухан алхаад гарахгүй гэвэл " улаан гэрэл асангуут машинууд чигналдахаар нь сандраад гүйх гэж байгаад ойччихлоо” гэж байсан.
Дунд сургуулийн сурагч Мэндээ: "Хүүхдүүд ногоон гэрэл дөнгөж асангуут л гүйчихдэг. Тэдэнд ингэж гүйж болохгүй гэхээр зам хөндлөн гарч амжаагүй байхад улаан гэрэл асчихдаг болохоор хурдан гүйхээс өөр арга байхгүй. Зуны цагт ч яахав ногоон гэрлийн асах хугацаа ийм богино цагаараа байж болдог юмаа гэхэд харин өвлийн улиралд ядахдаа 5 секунд нэмж болдоггүй юм байх даа. Одоо халтиргаа гулгааны цаг дөхөж байгаа болохоор их санаа зовж байна.
Энэ бүхнээс харахад замын хөдөлгөөний зохицуулалт эцсийн эцэст иргэнийхээ эрүүл мэнд, амь насанд эерэг байдлаар зохицуулагдах ёстой гэдгийг эрх бүхий хүмүүс анхаарч үзмээр байна. Хот хэдийгээр түгжрэлтэй байгаа ч явган зорчигчийн эрх ашгийг ингэж уландаа гишгэж болохгүй биз дээ
Сэтгэгдэл