Орос яагаад бусдын өрийг уучилдаг вэ?


Орос яагаад бусдын өрийг уучилдаг вэ? "АиФ” хоёрдугаар сарын 10-нд нийтэлсэн өгүүллийг та бүхэнд товчлон хүргэж байна.
Саяхан Орос Монголын олон саяын өрийг тэглэсэн билээ. Хямралтай энэ үед бид үнэхээр илүү мөнгөтэй болсон гэж үү? Гэтэл ийм хэлэлцээр лав сүүлчийнх биш. Тиймээс бидний Монгол, Иран, Кубатай нөхөрлөх нь юугаар хэмжигддэг болохыг "АиФ” тооцоолохоор шийдлээ.

-Хэнд хэчнээнийг өршөөв?
-Монголд энэ удаа 180 сая ам.долларын бараг 97 хувийг хүчингүй болголоо. Оросын шинэ төрт ёс тогтсон үеэс эхлээд ОХУ 140 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгосон нь тус улсын төсвийн алдагдлыг 3-4 удаа нөхөх хэмжээний мөнгө төдийгүй 2000-2015 оны хооронд мужуудад өгсөн татаасын хөрөнгийг давж байгаа юм.

-Эдгээр орнууд тийм ядуу юу? 
-Алжир, Ливийн 9.1 тэрбум ам.долларын өрийг 2006, 2008 онд тэглэсэн бөгөөд тухайн үед энэ хоёр орон 3.8 сая баррель газрын тос өдөрт олоборлож, үнэ ч дээд зэрэгтээ тулсан байлаа. Анголыг 3.5 тэрбум ам.доллараар баярлуулсан бөгөөд газрын тосны олборлолтоор Нигерийн дараа ордог.

Тэгвэл өрөө газрын тосоор яагаад авч болохгүй гэж? Никарагуа Атлантын болон Номхон далайн хооронд Панамын сувагтай өрсөлдөхүйц суваг барихыг эрмэлзэж байна. Ийм нөхцөлд өрийг энэхүү төслийн нэгээхэн хэсэг болгон хувиргаж яагаад болохгүй гэж?

Тэгвэл Монголын өрийг тэглэсэн явдал бүүр ч зэвүү хүргэм. Сүүлийн дөрвөн жилийн турш ДНБ-ний болон аж үйлдвэрийн өсөлтөөр тус улс дэлхийд тэргүүлж байсан. 2010-2012 оны хооронд хөрөнгө оруулалт ДНБ-ний 40 хувьтай тэнцэж ирсэн нь Оросоос даруй хоёр дахин их байгаа юм. 1991-2010 оны хооронд нүүрсний олборлолт 2.6 дахин, алт – 3.7 дахин, зэс – 4.2 дахин тус тус Монголд өссөн байна.

Үнэхээр энэ улс 174 сая ам.долларын зээлийг төлж чадахгүй гэж үү? "ОХУ-ын өмнө Монголын хүлээсэн зохицуулагдаагүй санхүүгийн үүрэг байгаа явдал хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд саад болж ирсэн” гэж л худлаа яриад хэрэггүй.

Тэгээд ч ямар нэгэн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа байхгүй: олборлолтын салбарт Монгол Орос, Хятад, Америкийн компаниудыг оруулдаггүй. Энэ жижигхэн, тэгсэн хэрнээ ухаалаг орны засаг захиргааныхан нэг зүйлийг сайн ойлгодог – энэ нь газар зүй, улс төрийн эрсдэл учир онцын асуудал гаргаад байдаггүй компаниудтай хамтран ажилладаг. Үүнд Их Британийн "Rio Tinto”, Канадын "Ivanhoe Mines”, "Entree Gold”, "SouthGobi Energy”, тэр ч бүү хэл Австралийн "BHP Billiton”, "Ausmelt” гэх мэт. 

-Энэ өршөөлийг хэрхэн орлуулах вэ?
-Хэрэв ЗХУ-ын үеийн өрийг бодит хөрөнгө болгон өөрчлөх нь хүндрэлтэй хэмээн ОХУ үзэж байгаа бол олон улсын "Голланд” дуудлага худалдаанд яагаад оруулж болохгүй гэж? Өрөө төлүүлж чаддаг санхүүгийн томоохон байгууллагууд дэлхий дахинаа бий гэдэгт огтхон ч эргэлзэх зүйлгүй. Өөр бусад аргууд ч бий. Гэтэл ЗХУ-ын эд баялгыг бүтээгч ахмадууд өнөөдөр арай ядан мөнгөө хүргэн амьдарч байна.

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БОДОЛ
Кубын өрийг тэглэх үе тус улс АНУ-тай харилцаагаа сайжруулсан үетэй давхцаж байгаа бол "Арабын хавар” эхэлж М.Каддафиг хороохын өмнөхөн Ливийн өрийг мөн л хүчингүй болгосон.

Газар зүй улс төрийн бодлого хоёрт тавигдаж, хэн нэгний атгаг санаа нэгд орчихсон юм биш биз?

"Өрийг хүчингүй болгох олон төрөл байдаг. Кубын өрийг тэглэх нь зүй ёсны хэрэг байж болох. Учир нь бид 90-ээд оны үед тус улсыг орхисон бөгөөд үүнээс болж эдийн засгийн эмх замбараагүй байдлыг үүсгэсэн. Тиймээс ёс суртахууны хувьд ингэх нь зөв” хэмээн эдийн засагч Михаил Леонтьев үзэж байна.

"Миний үзэж байгаагаар энэ бол улсын эсрэг гэмт хэргийн чанартай бодлого, үүнийг яагаад ч зөвтгөх аргагүй. Өр гэдэг бол нөлөө үзүүлэх маш том хөшүүрэг юм шүү дээ. Тэрхүү нөлөөллөөс сайн дураар татгалзана гэдэг яахав нөгөөх орон талархаж явна биз, харин цаашлаад бид эд наргүй болоод л байх юм чинь гэж бодно.

Эдгээр түүх хахуулийн чанартай юу? Хариулахад хүндрэлтэй. Медведевын засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс дэндүү тэнэг эсвэл дэндүү шудрага гэхэд би лав итгэхгүй. Энд нэмж хэлэхэд америкчууд Польшийн өрийг өршөөсөн, гэхдээ бүгдийг бус ердөө 50 хувийг. Тэд нэн ядуу Африкийн онуудын өрийг ч мөн л тэглэж ирсэн. Харин бидний энэ өглөгч зан юутай ч зүйрлэшгүй” хэмээн Даяршлын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал Михаил Делягин ярилаа.

Энд нэмж хэлэхэд Кубын 31.7 тэрбум ам.долларын өрийг 2014 онд өршөөгөөгүй бол тэтгэврийг 12.7 хувиар индексжүүлэх боломжтой байлаа.      

Эх сурвалж: АиФ

Т.Бүрэн GoGo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.