Сонгуулийн хоригдол


Сонгуулийн хоригдол "...Тэгж яривал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх. Би Баттулгатай зөндөө ярилцаж байсан. Тавантолгойг би авъя гэж надад хэлсэн. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулагчид нь өөрсдөө тэднийг сонгохгүй байна шүү дээ...” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танхим дүүрэн хүний өмнө ийнхүү мэдэгдлээ. Телевизийн дэлгэцийн ард нуугдсангүй. Сонины хуудсаар эл ярилцлагаа дамжуулаад, өөрөө ард нь учир битүүлэг үлдсэнгүй. Дээр нь тэрбээр "Төрд ажиллах гэж байгаа бол хулгай л битгий хий” хэмээн үг дайгаад амжив. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж амжилгүйгээр асар олон "аймшигтай” үгсийг аялгуулан урсгаж орхидог дутагдалтай хэдий ч энэ удаа Ерөнхийлөгч хэлэх гэсэн бүхнээ хэдхэн өгүүлбэрт багтаан өгүүлсэн нь энэ.

"Эмэгтэй хүн, гадаад паспорт хоёрын ард нуугдаж байхын оронд өөрөө гүйгээд ир” хэмээн бүр ч тодхон зарласан гэж байгаа. Энэ илэн далангүй алхмаараа Ц.Элбэгдорж улс төрийн шалтгаантай хэлмэгдүүлэлт, сонгууль угтсан баривчилгаа гэх мэтийн тайлбаруудад өөрийн зүгээс цохилт өгч амжив. Чухам юунд буруутгагдаад байгааг нь Х.Баттулгад хайр найргүй сануулахын зэрэгцээ МоАХ-ны лидерийг тойрон өрнөж буй "их баривчилгаанд” удахгүй болох УИХ-ын сонгууль огтхон ч хамаагүй, эл хэргийг улстөржүүлэх шаардлага байхгүй гэдгийг Ерөнхийлөгч өөрийн биеэр зарлан мэдэгдсэн явдал хэмээн нөгөө талаас нь тайлбарлаж болно.

Аливаа баривчилгаа, хяналт шалгалт хоёр өөр өнгө, үнэр, амт нийгэмд авчирдаг нь эдүгээ өрнөж буй эл явдлаас тодхон харагдаж байна. Үүнийхээ хэрээр талцал бий болгодог бөгөөд нийгмийг хөдөлгөж чадсаныхаа ачаар хэргийн эзэд арьсаа хамгаалдаг зуршил ч бий болсон гэхэд хилсдэхгүй. Улстөрчидтэй холбоотой ямар нэгэн хэргийн сэжүүрээс хууль хяналтынхан атгаад авмагц нийгэмд "Улс төрийн шалтгаантай хэлмэгдүүлэлт эхэллээ” гэх мессеж гэрлийн хурдаар тардаг.

Энэ нь олон нийтийн дунд талцлын гал өрдөхийн хажуугаар авлига хэмээх нэрийн дор аавын хөвгүүдийг хэлмэгдүүлэн хохироож, улс төр дэх замаа цэвэрлэдэг том дарангуйлагчийн дүр бий болгодог билээ. Сүүлийн долоон жил энэхүү сөрөг дүрд хүссэн ч, хүсээгүй ч Ц.Элбэгдорж "тоглож” ирэв.

Н.Энхбаярын үед ч мөн ийм хардлага байсан. Намбарын хүү хэмээх хадны мангаа АТГ нэртэй "махны машин” болон өөрийн мэдлийн шүүх, прокуророо хөдөлгөн, хэн дуртайгаа хэлмэгдүүлдэг гэх ойлголт хэвшил болтлоо газар авч байсан үе бий. Тухайн үед Н.Энхбаяр ямар нэгэн илэн далангүй тайлбар хийж, салбараа өмөөрч, асуудлыг өөрийн зүгээс тодотгон, хүч өгч байсангүй. Н.Энхбаяраас ялгаатай нэгэн гэдгээ Ц.Элбэгдорж шуудхан харуулж, илэн далангүй байж чадсанд нь би хувьдаа олзуурхаж буйгаа нуух юун. Хэлсэн, ярьсан бүхнээс нь уг хэргийн өнгийг шүүн харах боломжийг нийтэд олгохоос Ц.Элбэгдорж айсангүй.

Түүнийг ийнхүү өөгшүүлж болох ч асуудлын нөгөө талыг огоорч боломгүй. Сонгууль дөхөхөөр л нэгнийгээ зүй бусаар, улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлдэг, тодорхой эрх ашгийн төлөө барьж хорьдог, ингэснээрээ нөхцөл байдал эргэтэл цаг хождог гэх хардлага Ерөнхийлөгчийг тойрон эргэлдсээр үлдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Яг энэхүү хардлагын хүрээнд олон нийтийн дунд нэр хүнд нь цаг ямагт өссөөр ирсэн Х.Баттулгын сонгуульд нэр дэвших, ялалт байгуулах боломжийг хаах гэж зориуд зохиомол хэрэг гарган ирж, тойрон хүрээлэгчдийг нь баривчлаад байгаа мэтээр учир явдлыг тайлбарлахад амархан. Чухамдаа ийнхүү улстөрчидтэй холбоотой хэргийг улстөржүүлэн тайлбарлаж, Ерөнхийлөгч болон шүүх, прокурор, АТГ-ыг хардах болсон явдал Н.Энхбаярын үеэс эхтэй.

Тухайн үед АТГ-аар У.Хүрэлсүх шалгагдан, цэнхэр дэлгэцээр Н.Энхбаярын "махны машинд” өртөөд буйгаа өгүүлсэн нь улс төрд орчин үеийн хэлмэгдүүлэлт гэж байдгийг илчилсэн дохио байлаа. Үүний дараахан нам нэгт Т.Бадамжунай, Г.Занданшатар нар мөн л Н.Энхбаярын "махны машинд” өртсөн гэлцдэг. Сайнаар хэлбэл, үйлдсэн байж болзошгүй хэргээрээ шалгуулсан гэсэн үг.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.