-Авлигачин, алуурчин, хүчирхийлэгч эрчүүдээр хуулиа сахиулах нь төртэй улсын эмгэнэл биз ээ!-
Энэ нийгмийг заримдаа ухамсарт хүний амьдрал бүтээдэг гэж итгэхээс ч эргэлзэх боллоо. Бяцхан охидын хүчирхийлэлд өртсөн тухай сэтгэл цөмлөсөн мэдээ, гэрээсээ тоглохоор гараад эргэж ирээгүй үрсийн шаналал дундаас хүн бол “араатан” гэсэн хэрцгий дүгнэлт тээхэд хүрч байна.
Хүүхэд алга болдог, хүний наймааны золиос болдог энэ энэрэлгүй нийгэмд эцсийн итгэл, найдвараа тавьж очдог мөрдэстэй албан хаагч хүртэл охидыг хүчирхийлсэн хэрэгт орооцолджээ. Ойр зууртаа хөдөө гадаа явах ажил ихтэй аав хамгийн итгэлтэй хүн гэж найдаад сумынхаа цагдаад охиноо захидаг байсан нь ийм эмгэнэлт явдалд хүргэв. Хохирогч охин дунд сургуулийн сурагч. Одоо зургаан сартай тулгар биетэй, сэтгэл санааны гүн цочролтой, эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ хэргийг үйлдсэн Увс аймгийн Зүүнхангай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д-г насанд хүрээгүй хүн уруу татан, удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган, албан тушаалаас нь чөлөөлж, хэрэг үүсгэн шалгаж байна. Хүсээгүй жирэмслэлтийн золиос болсон охин ураг авахуулах мэс ажилбар хийлгэх хүсэлт гаргасан ч нарийн мэргэжлийн эмч нар охины эрүүл мэндэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Хайран жаахан охин.
Дахиад нэг тохиолдол. Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаа М тус сумын иргэн Н-ийг хүчирхийлсэн гэх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газарт өгчээ. Хэргийг шалгах явцад сумын цагдаа М өөрийн шалгаж байсан хэргийн сэжигтэн М-ийн найз охин Н-ийг албан тушаалаараа далайлган хүчирхийлсэн болох нь тогтоогдов. Энэ хоёр хэргийг харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа.
Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг төрийн хувцас, албан тушаал, хэргэм зэрэг нь энэ мэтээр эрчүүдийн мунхаглалын зэвсэг болсоор байх уу?
Увс аймагт гарсан эдгээр илэрсэн хэрэг, цэрэг, цагдаагийн албан хаагчидтай холбоотой сахилга, ёс зүйн алдаа гаргасан бусад олон тохиолдлуудад хариуцлага тооцоод өнгөрөх байдлаар хандмааргүй байна.
Хууль сахиулах ёстой цагдаагийн алба хаагчдын сахилгын зөрчил улам нэмэгдэж, улам хэрцгий болж байна. Энэ нь нийгэмд төсөөлшгүй сөрөг нөлөө үзүүлэх талтай. Хуулийн байгууллагын нэр хүндэд том сэвтэй. Бүр өргөн утгаар нь харвал цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний салбарын эрчүүдийн боловсрол, зан төлөв, хүмүүжил, сахилга, ёс зүй, үүрэг хариуцлага, тэр байтугай гэр бүл, сэтгэл зүйн байдалд нь зүй ёсны, шинэ түвшний шаардлага тавих нь энэ салбарын хувьд хамгийн чухал болжээ.
Энэ оны эхээр буюу 2019 оны нэгдүгээр сард цагдаа нар хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан. Тэдэн дунд ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн хурандаа Ц.Ариунбат, ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа Д.Отгонжаргал нарын удирдах албан тушаалтнууд хүртэл байсан юм шүү.
2015 онд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн офицерууд “VENUS” бааранд хүн зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдож байв. Мөн 2017 оны тавдугаар сард “Бриллиант” шөнийн клуб орчмоос Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч Б хар тамхи хэрэглэж байгаад баригдаж, хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг диллер байснаас гадна хар тамхи хэрэглэгчийг сүрдүүлж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл үнэгүй авч хэрэглэдэг байсан илэрсэн билээ.
Гэх мэтчилэн нэрлээд байвал хууль сахиулах ёстой цагдаагийн алба хаагчдын сахилгын зөрчил улам нэмэгдэж, улам хэрцгий болж байна. Энэ нь нийгэмд төсөөлшгүй сөрөг нөлөө үзүүлэх талтай. Хуулийн байгууллагын нэр хүндэд том сэвтэй. Бүр өргөн утгаар нь харвал цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний салбарын эрчүүдийн боловсрол, зан төлөв, хүмүүжил, сахилга, ёс зүй, үүрэг хариуцлага, тэр байтугай гэр бүл, сэтгэл зүйн байдалд нь зүй ёсны, шинэ түвшний шаардлага тавих нь энэ салбарын хувьд хамгийн чухал болжээ. Авлигачин, алуурчин, хүчирхийлэгч эрчүүдээр хуулиа сахиулах нь төртэй улсын эмгэнэл биз ээ!
Б.Гантуяа
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл