Путин: Эрдоган, Порошенко хоёрыг аврахад бэлэн


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал болгон явуулдаг "В.Путинтэй шууд шугамаар” нэртэй телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Путины шууд ярилцлага 3 цаг 39 минут үргэлжилсэн бөгөөд Оросын төрийн тэргүүн энэ хугацаанд 80 гаруй асуултад хариулжээ.

Нийгэм, эдийн засгийн байдал, хориг арга хэмжээ, жижиг дунд бизнес, цалин, тэтгэвэр, нийгмийн халамж, Путины эрүүл мэнд, хувийн амьдрал зэрэг маш асуултуудыг Оросын иргэд тавьсан юм. 

"В.Путинтэй шууд шугамаар" нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой асуулт хариултуудыг тоймлон хүргэе. 

ЗАСГИЙН ГАЗАРТ ИТГЭХ ҮҮ ЭСВЭЛ...

Мэдээж ард түмний сэтгэл санааг хамгийн их зовоож бй асуудлуудын нэг нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал. Москва хотын орчин суугч Людмила Сафронова: Өнгөрсөн жил би долоо хоногийн хоол хүнсээ цуглуулахдаа 5000 рубль  /Монголбанкны өчиглрийн ханшаар 152,450 төгрөг/ зарцуулдаг байсан. Жилийн дараа буюу одоо энэ тоо 10 мянгад хүрлээ. Хоёр дахин ихэслээ гэсэн үг. Гэтэл Засгийн газраас инфляц 12.5 хувьтай байна гэж мэдээлж байна. Засгийн газарт итгэх үү эсвэл дэлгүүрээс авсан барааныхаа баримтад итгэх үү?

Путин: Аль алинд ч итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл энд ямар ч зөрчил байхгүй. Засгийн газар жилийн дундаж инфляцын түвшин мэдээлж байгаа юм. Инфляцын түвшин 12.5 биш харин 12.9 хувьтай байгаа. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт үүнтэй холбоотой. 

ОХУ-ЫН НӨӨЦИЙН САНД ОЙРЫН ДӨРВӨН ЖИЛД ХАНГАЛТТАЙ МӨНГӨ БИЙ

-Засгийн газраас эдийн засгийн хямралтай тэмцэнэ, хямралын үндсийг олсон гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Таны бодлоор Оросын эдийн засаг одоо хаана байгаа? Хар, цагаан зураасны алинд нь байна?

-Саарал. Яагаад гэдгийг хэлье. Эдийн засгийн нөхцөл байдал дээрдээгүй ч эерэг хандлага ажиглагдаж байна гэлээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч ОХУ-ын нөөцийн сан ойрын дөрвөн жилийн хугацаанд хангалттай хүрэлцэнэ. Нөөцийн санд байгаа мөнгөний хэмжээ дөрвөн сарын турш юу ч үйлдвэрлэхгүй байхад ч хангалттай. Гэхдээ ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал дээрдэнэ гэдгийг хэллээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР

Иргэд эдийн засгаас гадна нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан юм. Цалингаа хугацаандаа авч чадахгүй байгаагаас гадна эмийн үнийн талаарх асуултыг иргэд тавьсан байна.

Ерөнхийлөгч эмийн сангийн тавиур дээр зөвхөн үнэтэй эм байгаа гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийллээ. Учир нь үүнээс хэдэн жилийн өмнө эмийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн гэлээ.

Түүнчлэн Владимир Путин өөрөө ямар төрлийн эм хэрэглэдэг талаар ярьсан юм. Тэрээр хэрэв эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай бол гаднын болон дотоодын эм хэрэглэдэг. Гэхдээ хамгийн өртөг багатайгаас нь хэрэглэхийг хичээдэг гэв.

Мөн эрчимт эмчилгээний тасагт буй өвчтөн рүү гэр бүлийнх нь хүмүүсийг нь оруулж байх болон аутизмтай хүүхдүүд боловсрол эзэмших тусгай байгууллагын ажлын талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцоватай ярилцана гэж амлалт өглөө. 

БАРУУНЫ УЛС ТӨРЧДӨД ӨӨРСДИЙНХ НЬ АРГААР НЬ ХАРИУ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

-Өнгөрсөн оны есдүгээр сараас өмнө Режеп Тайип Эрдоган таны найз байсан. Харин Турк улс стратегийн түнш орон байлаа. Москва хотын төв дэх Исламын шашны сүмийн нээлтэд та хоёр оролцож байсан. Тэгэхээр нөхөрлөл дуусаж, дайсагнал эхэлж байна гэсэн үг үү. Украин, Молдав, Гүрж, Турк зэрэг улсуудыг дурдахаар бид дайсагналыг дунд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Ийм нөхцөлд ОХУ амжилттай, үр дүнтэй хөгжиж чадах болов уу гэсэн асуултад.

-Зарим нэг улс төрчид болон бидний хооронд асуудал үүссэн. Тэдний үйлдэл ёс зүйгүй. Иймээс бид өөрсдийнх нь аргаар нь хариу үзүүлж байгаа нь энэ гэлээ.

Крымийн оршин суугч: 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж Крымийн нийт ард иргэдэд амлаж чадах уу

-Миний бодлоор энэ талаар ярихад арай эрт байна. Сонгуулийн үеэр өгсөн амлалт, зорилтуудаа биелүүлэх шаардлагатай гэдгийг дахин хэлмээр байна. Үүнээс хамааран Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эсэхээ шийднэ. 

ОФФШОР ДАНСНЫ ТУХАЙ НИЙТЛЭЛ ЗАХИАЛАГЧ НЬ ИЛЭРХИЙ

Панамын баримт бичиг нэртэй нууц хөрөнгөтэй холбоотой нийтлэлийн талаарх асуултад тэрээр "Панамын бичиг баримтын тухай нийтлэл анх Германы Süddeutsche Zeitung сонинд хэвлэгдсэн. Тус сонин нь АНУ-ын санхүүгийн корпорац Goldman Sachs-ийн мэдэлд багтдаг. Үүнээс үзэхэд захиалагч нь хэн бэ гэдэг нь илэрхий.

Хамгийн ХӨГЖИЛТЭЙ асуултыг хүүхдүүд асуув.

ЭРДОГАН, ПОРОШЕНКО ХОЁРЫН АЛИЙГ НЬ ТҮРҮҮЛЖ АВРАХ ВЭ

12 настай Кузнецова Варя: "Хэрэв яг одоо бол Порошенко, Эрдоган хоёр живж байвал та алийг нь түрүүлж аврах вэ?

Варя чи намайг хэцүү байдалд намайг оруулж байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна шүү. Хэрэв хэн нэгэн хүн живэхээр шийдсэн бол түүнийг аврах боломжгүй. Гэхдээ бидний хамтрагч нар өөрсдөө хүсвэл бид алинд ч гараа сунгахад бэлэн гэв.

Оренбург хотоос холбогдсон хоёрдугаар ангийн сурагч Алина Ахматова: Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж чадах уу. Гэтэл миний аав АНУ-ын асуудлыг Путин л шийдэж чадна гэж хэлдэг.

АНУ-ын асуудлыг хэрхэн шийдэх талаар биш харин улсынхаа дотоод асуудал зам, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, түүний өсөлт зэргийг хэрхэн шийдэх талаар бодох хэрэгтэй. Харин эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж чадах уу гэсэн асуултад дээрх асуудлуудыг эмэгтэй хүн илүү сайн шийдэх байсан байх.

Алтан загаст ямар гурван хүслээ шивнэх байсан бэ гэсэн асуултад Үлгэрийн юманд итгэх хэрэггүй. Алтан загасны ид шидийг хүлээвэл эмгэн шиг эцэст нь юу ч үгүй үлдэнэ гэлээ.

Уламжлал ёсоор иргэд нь төрийн тэргүүнийхээ хувийн амьдралын талаар сонирхон, тэргүүн хатагтайг хэзээ танилцуулах талаар асуулаа.

Түүний хувийн амьдрал олны анхаарлыг ихэд татдаг ч одоо дассан талаар Путин хэллээ. Мөн хуучин эхнэр Людмилатай сайн харилцаатай үлдсэн гэв. Тэд заримдаа уулзаж байдаг бөгөөд аль аль одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа гэсэн юм. 

Эх сурвалж: ИТАР ТАСС

Х.Көгершин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.