Хүн төрөлхтний түүхэнд өөрийн гэсэн нэрээр цоллуулах "эрин”-ийг бүтээж чадсан ард түмэн тун цөөхөн. Харин тэдний нэг нь Монгол. Тэгээд ч Монголын түүхгүйгээр дэлхийн түүх бүрэн төгс бус хэмээж, түүх бичлэгт XIII-XIV зууныг "Монголын үе” гэж нэрийддэг. Тиймээс эрин зууныг эзлэн агуу их гүрнийг байгуулсан хаадын хаан, жанждын жанжин Чингис хаанаа дурсахын төдийд л монголчууд омогшин бахархаж, төрсөн өдрийг нь "Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэх сайхан уламжлал тогтоод байгаа билээ. Энэ өдөр бол бас гагц Чингис хаанаараа төдийгүй мэргэн удирдлагынх нь дор дэлхийн дайдыг зэвлэх, мориныхоо хатан туурайгаар тамгалж, өрсөх дайсан бүхнээ өвдөг сөгтгөн номхотгож, тэртээ нэгэн цагт "Pax Mongolica” хэмээн алдаршсан агаад энх амгалан давамгайлсан эринийг бүтээсэн гол нэгэн тулгуур хүчин нь болох Их Монгол Улсын ялгуусан цэрэг, армиараа бахархан дуурсах өдөр. Тэгээд ч Хиад боржигины уугал, төр улс-Хамаг Монголын ханаар Тэмүжинийг сонгож өндөр дээд сэнтийд нь залж, "Чингис хаан” хэмээх цол өргөмжилсний 830 жилийн ой хийгээд мөн Чингис хаан Тэмүжиний дэлхийд хосгүй хүчирхэг цэрэг үүсэн буй болсны 840 жилийн ой тохиож байгаагаараа 2019 он басхүү онцлог содон жил болж байна.
Нэг. Чингис хаан "Цэрэг үүсгэв” хэмээхүй
Арван долоохон настай Тэмүжин гэнэ сэрэггүй байснаас Мэргидэд булаагдсан Бөртэ үжин хатнаа аврахаар зориг шулуудан Хэрэйдийн Ван хан болон багын анд Жамуха нартайгаа хүчин хамсаж гурван мэргэдийг дайлахынхаа өмнө анх "Цэрэг үүсгэв” хэмээн түүхийн сурвалж бичгүүдэд өгүүлжээ.
"Цэрэг үүсгэх” гэдэг нь өнөөгийн ойлголтоор бол цэргийн дайчилгаа буюу цэрэг татлага явуулж, цэргийн анги, салбаруудыг эмхлэн цэгцэлж, байлдааны цагийн орон тооны дагуу хүн хүчээр нөхөн хангаж, байлдаанд бэлэн болгох гэсэн үг.
Тэмүжин тийнхүү Мэргидтэй тулалдах бэлтгэлээ базаах үедээ "Тана горхиноо, Бурхан халдуны өврөө (өвөрт) бууж, тэндээс цэрэг үүсгэжүхүй” гэж Монголын нууц товчоо (чанагш МНТ гэнэ)-нд тэмдэглэжээ. Түүнээс гадна Жамуха анд нь хоёр түмэн цэрэг авч хүчин хавсрах, тэгэхдээ нэгэн түмнийг нь Онон мөрөнд нутаглаж байсан Есүхэй баатрын хуучин харьяат нараас татан бүрдүүлж Тэмүжинд өгсөн түүхтэй.
Тэмүжин "Цэрэг үүсгэх”-дээ чухам хэдий тооны цэрэг дайчлан бүрдүүлсэн нь тодорхойгүй. Ямар боловч дээр өгүүлсэнчлэн Жамуха анд нь түүний харьяат нараас "нэгэн түмэн цэрэг” дайчлан авчирч өгсөн гэхээс үзэхэд Тэмүжин тэр байлдаанд өөрийн цуглуулсан цэрэгтэйгээ нийлээд хоёр түмэн биш гэхэд лавтай нэгэн түмэн цэрэг удирдан орсон нь тодорхой. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой нь "Түмэн” гэдэг үг. Учир нь энд өгүүлэн буй "Түмэн” гэдэг нь яг "Түм” буюу "Арван мянга” гэсэн тоон утгыг илэрхийлэхгүй бөгөөд харин өнөөгийн "Ард түмэн, олон түмэн” гэдэгтэй адил тодорхой бус, бөөн олныг заасан нэр томьёо байсан байна. Тиймээс Тэмүжин, Тоорил хан, Жамуха нарын цэрэг нийлээд "Дөрвөн түмэн” болсон гэж МНТ-нд гарч буйг ”Дөчин мянга” гэж яс тооцохгүйгээр дөрвөн хэсэг буюу дөрвөн тусгай анги, баг цэрэг гэж ойлгох учиртай.
Юун боловч түүхнээ Мэргидийг дайлсан "Буур хээрийн байлдаан” гэж алдаршсан байлдааны өмнө Тэмүжин анх удаа "Цэрэг үүсгэсэн”, өөрөөр хэлбэл өөрийн гэсэн цэрэгтэй болж, цэргийн томоохон баг, бүлэглэлийг удирдан тулалдсан байна.
Байлдаан 1179 оны намар болсон бөгөөд их цэрэг "Болзоол газар” (өнөөгийн цэргийн хэллэгээр "Хүч хуралдуулах район”) болох Ботохан бооржид цуглан нэгдээд чанагш хөдлөн Хилго мөрнийг сал уян гатлаад гурван чиглэлд хуваагдан салж гурван мэргэдийг нэгэн зэрэг довтлон ялалт байгуулсан түүхтэй.
Ийнхүү Чингис хаан Тэмүжин цэрэг үүсгэн байгуулсны хийгээд мөнхүү цэргийн анхны ялалтын 840 жилийн ой энэ намар тохиож байна. Орь залуу Тэмүжиний байгуулсан тэр цэрэг хожмын Их Монгол Улсын ялгуусан цэргийн эх үүсгэл болсон билээ. Тэмүжин түүнээс хойш монгол туургатныг түвшитгөн нэгэн төрийн жолоонд оруулах явцдаа гурван ч удаа цэргийн шинэчлэл хийсний үр дүнд тэрхүү цэрэг нь дэлхийд хосгүй хүчирхэг арми болсон юм.
Хоёр. Хамаг Монголын цэрэг буюу цэргийн анхны шинэчлэлийн тухайд
Тэмүжин 1189 онд Хамаг Монголын хан ор сууж, "Чингис хаан” цол өргөмжлөгдсөн бөгөөд тэгмэгцээ эн түрүүнд гүйцэтгэсэн зүйл нь цэргийн шинэчлэл байв. Тэгэхдээ тэрээр гол түшиг тулгуур болох турхаг (шадар цэрэг) цэргээ байгуулж, удирдлагыг тодорхой болгон, ханы зарлиг шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах албадыг үүсгэн буй болгож, албан тушаалтныг томилон цэгцэлж, улс, аймгаа гаднын халдлага, түрэмгийллээс батлан хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлж эхэлжээ. Чингис хаан Тэмүжин Хамаг Монголын төр, цэргийн хүчийг сэргээн байгуулж бэхжүүлэх арга хэмжээг яаралтай авахдаа итгэлт дайчин нөхдөө авьяас чадвар, хүсэл сонирхолд нь нийцүүлэн зохих, зохих албанд нь тушаан томилжээ. Үүнд: Төр, цэргийн хэргийг хамаарах "Хамгийг ахлах” албан тушаал буй болгож Боорчу, Зэлмэ хоёрыг томилов. Цэргийн хэрэг эрхлэх албан тушаалууд болох "Хор агсагч”, "Илдэс агсагч”, "Холын хоочаг, ойрын отора” буюу элч, холбооч, тагнуул туршуулын үүрэг гүйцэтгэх тусгай албан тушаал, "Агчин”, орд өргөөний хамгаалагч буюу "Хэрсэглэлдэгч” болон төр, аж ахуйн бусад олон албан тушаалыг буй болгожээ.
Энэхүү хуваариас харахад Чингис хаан тарж бутарсан овог отог, ард иргэнээ нэгтгэн Хамаг Монголыг сэргээхдээ эн түрүүнд өөрийнхөө харьяат албатуудаас гадна шадарлан нөхөрлөгсөд, эесэн дагаар орогсдын харьяат нараас бүрдсэн цэргийг шинэчлэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл хааны харьяат болон нөхөрлөгсөд, дагаар орогсдын ноёд бүр өөр өөрийн мэдлийн цэрэг буюу хүрээтэй байсан бөгөөд дайн, байлдааны үед бол тэдгээр хүрээнүүдийг нэгтгэж ихэвчлэн баруун, зүүн гарын хийгээд голын хэмээх гурван түмэн болгож зохион байгуулдаг байжээ.
Гурав. Чингис хааны цэргийн хоёр дахь шинэчлэл
Их хаантан 1204 онд Наху гүнд Наймантай байлдахынхаа өмнө цэргийн байгуулалтын уламжлалт хүрээний хэлбэрийг өөрчилж, аравтын тогтолцоонд үндэслэсэн мянгатын зохион байгуулалтад цэргээ шилжүүлсэн нь түүний хийсэн цэргийн хоёр дахь шинэчлэл байв. Ийнхүү хүрээний байгуулалтыг халж, цэргийн зохион байгуулалтын үндсэн шинэ нэгжүүд болох аравт, зуут, мянгатын ноёдоор гагц үе залгамжилсан ба хуучин хүрээний ноёдыг бус харин авьяас чадвараараа тодрон шалгарагсдыг томилсон нь цэргийн хүчин чадавх, удирдлага, зохион байгуулалт, сахилга журмыг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэв. Мөн 1204 онд шадар "Турхаг” цэргийнхээ бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн 70 хорчин турхаг, 80 хэвтүүл, 1000 шилдэг баатар бүхий "Хишигтэн” цэрэг болгож өргөтгөн, түүнд алба хаах хууль журмыг тусгайлан тогтоосон билээ. Хишигтэн нь гагц цэргийн төдийгүй төрийн захиргааны нэгжийн үүрэг гүйцэтгэдэг хосолмол үүрэг, зориулалт, бүтэц, зохион байгуулалттай байснаараа онцлог шинжтэй, хаант төрийн гол институтийн нэг, цэрэг-захиргааны өвөрмөц нэгж байв.
Шинэчлэл тэр даруйдаа л Чингис хааны цэргийн ялалт, амжилтад шууд нөлөөлж, үр дүнгээ өгч эхэлжээ. Тухайлбал, дээр дурдсан Наху гүний байлдаанд л гэхэд Чингис хааны цэрэг хэдийгээр хүн хүчний тоогоор дайснаасаа үлэмж дутуу байсан ч хатуу чанд сахилга, зохион байгуулалттай байж, байлдааны журам жагсаалаа огт алдаагүй, хэн ч толгой мэдэн дураар аашлаагүй бол хуучин тогтолцоогоороо байсан Найманы цэрэг нэгдсэн удирдлага султай, эвсэн нийлж асан олон овог, аймгийн ноёд нь зөвхөн өөр өөрсдийн эрх ашгаа харгалзсан шийдвэр гаргаж, хар амиа бодож байснаас цэргийн нягт харилцан ажиллагаа гэх юмгүй болж, байлдааны явцад цэрэг нь хэд хэд тасарч, улмаар амь тэнсэхийн цагт хан хүү Хүчүлүг нь хүртэл төрсөн эцгээ үхлийн аюулд орхин байлдааны талбараас дутааж одсон ба Наймантай хамт байсан Жадаран, Салжиуд, Дөрвэн, Тайчиуд, Хонгирад тэргүүтэн аймгийн цэрэг бууж өгсөн нь эсрэгцэлдэж асан хоёр талын цэргийн зохион байгуулалтын зөрөө, түүний эерэг сөрөг талыг тод томруун илтгэн харуулсан хэрэг байлаа.
Дөрөв. Гурав дахь шинэчлэл
Чингис хаан монгол туургатныг нэгтгэн барьж, 1206 онд нэгэн төрийн жолоонд оруулаад Улсын их цэргийг шинээр эмхлэн байгуулсан нь түүний хийсэн цэргийн гурав дахь шинэчлэл байв.
Чингис хаан Тэмүжин анх цэрэг үүсгэн байгуулснаас хойших хугацаанд болж өнгөрсөн 30 гаруй том, жижиг байлдаан, тулалдаанд олсон ялалт амжилт нь түүний хийж байсан цэргийн байгуулалтын шинэчлэлийн давуу талуудыг нотлон харуулсан байна. Тийм учраас Чингис хаан Их Монгол Улсын хан ширээнд суумагц их улсаа цэрэг дайны шаардлага, нэгдмэл захиргааны ёсонд нэн зохицсон цэрэг-засаг захиргааны нэгжид хуваарилан хуваасан бөгөөд түүний үндэс нь цэрэг-захиргааны байгуулалтын аравтын тогтолцоонд суурилсан мянгатын байгуулал болж байлаа.
Их Монгол Улсын цэргийн түмтүүд нь холимог болон овог төрлийн журмаар байгуулагдсан мянгатуудаас бүрдэж байв. Монгол цэргийн байгуулалтын уламжлалт эл орон нутгийн зарчим нь нүүдэлчдийг тодорхой газар нутагт байршуулж, тухайн чиглэлийн газар орон дээр байлдааны ажиллагааг явуулахад таатай нөлөө үзүүлж байжээ. Мөн Чингис хаан Их засаг хуулиа бичиглэн тунхаглаж, иргэний болон цэргийн албаны үйл ажиллагааг нарийн чанд зохицуулах болсон байна.
Их Монгол Улсын цэрэг "Дотоод мянган"-аас бүрдсэн байнгын армийн шинжтэй түмэн "Хишигтэн" цэрэг болон орон нутгийн цэргээс дайчилгаагаар зохион байгуулдаг "Гадаад 95 мянган"-аас бүрдэх болов. Мөн монгол цэрэг хилийн дээс алхан тулалдах болсон цагаас "Тамачин” ("Тамачи”) гэдэг тусгай зориулалтын цэргийг зохион байгуулан хэрэглэх болжээ. 1206 онд өргөтгөн зохион байгуулсан хишигтэн цэрэг нь 8000 турхаг, 1000 хэвтүүл, 1000 хорчиноос бүрдэж, улсын цэргийн "Их гол” буюу байнгын цэргийн шинжтэй гол хүчин нь болж олон дайн, тулалдаанд ганц ч ялагдаж үзээгүй гайхамшигт дайчин түүхтэй цэрэг байлаа.
Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын цэрэг тухайн цагтаа байлдах эрдэм ухаан, зэр зэвсэг, сахилга, зохион байгуулалт, эв нэгдлээрээ дэлхийд хосгүй хүчирхэг, шилдгийн шилдэг зэвсэгт хүчин бөгөөд их эрдэмтэн Л.Н.Гумилевын өгүүлсэнчлэн "Харилцан туслах мэдрэмж бүхий арми” байсан агаад тийнхүү "Дайны талбарт нэг нэгэндээ туслаагүйн төлөөнөө шийтгэл хүлээдэг хууль бүхий арми тэр үед өөр хаана ч байгаагүй” юм.
Тийм ч учраас Чингис хааны үед болсон гурван том дайн, тухайлбал, Зүрчидийн Алтан улс, Тангуд, Хорезм буюу Сартаултай хийсэн дайнуудын явцад тохиолдож байсан зуу зуугаар тоологдох их, бага байлдаан, тулалдаануудад ямагт ялан дийлж ялгуусан алдар цуугаа дэлхий дахинаа цуурайтуулсаар ирсэн түүхтэй. Тухайлбал, XIII зуунд дөнгөж 2 сая хүрэхтэй, үгүйтэй хүн амтай байсан Их Монгол Улс цомхон, хүчирхэг цэргийнхээ хүчээр 20 сая хүнтэй Сартаул, хойд, урд нийлээд 80 сая хятад, зүрчин, 2,5 сая Тангад, 8 сая хүнтэй Дорнод Европын орнууд хийгээд хүн хүч, зэр зэвсгийн чадавх сайтай бусад олон улс, аймгийг эрхшээлдээ оруулан дэлхийд хосгүй, агуу их эзэнт гүрнийг байгуулсан билээ.
Эцэст нь өгүүлэхэд, тэртээ догшин зууны цэрэг, улс төрийн их хямралдааны дундаас гол гогцоо асуудлыг нь олж хараад, хамгийн зөв шийдлийг сонгож, түүхийн ахар богино хугацаанд өвөрмөц бүтэц, зохион байгуулалттай, шилдгийн шилдэгт тооцогдох армийг байгуулсан нь Чингис хааны бусад агуу их ялалт, амжилтыг нь тооцохгүй юм гэлээ гэхэд ч хүн төрөлхтний төрүүлсэн агуу их жанжин гэдгийг нотлон харуулах баримт мөн. Тийм ч учраас өнөө бид мянганы суут хүмүүн Чингис хаан хийгээд өстөн дайсан бүрээ өвдөг сөхрүүлж, улс гэрийнхээ тусгаар тогтнолыг хамгаалахын сацуу дэлхий дахиныг түвшитгэж асан ялгуусан их цэргийнх нь түүхт 840 жилийн ойг бахархал, омогшил дүүрэн дуурьсгаж, баатарлаг дайчин өвөг дээдэстээ мэхийн ёсолж байна.
Доктор, профессор Ж.Базарсүрэн
Эх сурвалж: Соёмбо сонин
Сэтгэгдэл