Перу улс эдийн засагч Ерөнхийлөгчтэй боллоо


 

Өмнөд Америкийн индиан голдуу гаралтай иргэдтэй Перу улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж, эцсийн байдлаар дүнгээ зарлахад нэрт эдийн засагч Педро Пабло Кучинский олонхын саналыг авч ялалт байгуулсан байна. Орон нутгийн Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр тэрбээр нэрт улс төрч Япон гаралтай Фухиморигийн охин Кейкотой өрсөлдөөд 50.12 хувийн санал авсан байгаа юм. Харин К.Фухимори 49.88 хувийн дэмжлэг авчээ. Гэхдээ Педро Пабло Кучинский албан ёсоор Ерөнхийлөгчийн ажил үүргээ хүлээн авахын өмнө 50 мянган ширхэг саналын хуудсыг сонгуулийн шүүх байгууллагаар оруулж хянуулах ажил үлдээд буй.

Санал хураалтын дүн гарсны дараа хатагтай Фухимори ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бол ялагч Кучинский Твиттерээр дамжуулан ард түмэндээ баярлаж, талархсанаа жиргэжээ. Түүний жиргээнээс онцолвол "Улсынхаа ирээдүйн төлөө хамтран зүтгэх цаг нь ирлээ" хэмээсэн нь анхаарал татав. Олон улсын ажиглагчид энэ удаагийн сонгуулийг Перу улсад сүүлийн тавин жилийн хугацаанд болсон хамгийн ширүүн өрсөлдөөнт сонгууль болсныг онцлов.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.