Ноён уулыг ухах “Сентерра Гоулд”-ыг хамгаалахын учир


 
Ноён уулыг ухах “Сентерра Гоулд”-ыг хамгаалахын учирГацууртын ордод ашигт малтмал олборлох тухай УИХ-ын зарим гишүүн, нөлөө бүхий хүмүүс зөвтгөж, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байсан бол  нөгөө хэсэг нь ашиглавал хүнцлээр байгаль орчин бохирдоно, түүх соёлын үнэт зүйлс устана гэсэн эцэс төгсгөлгүй маргаан саяхныг хүртэл өрнөсөн.  Энэ маргааны эхлэл "Сентерра гоулд” компанийн дөрвөн тусгай зөвшөөрлөөс үүдэлтэй.
 
"Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь тус компанийн лицензүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд гаргасан юм. Тэд "Сентерра гоулд” компанийг Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин орон нутгийн иргэдийн саналыг авсан гэх хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, бас зарим баримтыг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй. Уг нэхэмжлэлдээ Ашигт малтмалын газрыг албан ёсоор хариуцагчаар татсан. Шаардлагатай бол Засгийн газрыг ч татах үндэслэлтэй гэж мэдэгдэж байв. Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний нэхэмжлэлийг үндэслэлтэй, маргааныг шүүхээр шийдье гэсэн шүүгчийн захирамжийг хүлээн авлаа. Гацууртын ордтой холбоотой эцэс төгсгөлгүй маргаанд Засгийн газар шүүгчийн үүргийг гүйцэтгэж шийдвэрлэсэн. Засгийн газар мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэсэн хардлага олон түмний дунд бий болсон. Тиймээс энэ бүх маргааныг шүүх дээр шударгаар шийдүүлэх боломжтой. Үнэхээр байгаль орчин хордох гээд байна уу, эсвэл лицензийг хууль бусаар авсан уу, баялгаа ашиглах нь Монгол Улсад ашигтай юу, олон улсын гэрээг зөрчихгүй байна уу гэх зэргээр талууд эрх тэгш, нотлох баримттай гаргаж ирсний үндсэн дээр хуульд зааснаар мэтгэлцэх боломжтой болсон. Ингэвэл ард түмэнд эргэлзээ байхгүй болно” гэж байв.
 
Ноён уулан дахь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг магадлах шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүү­хэд болсон юм. Шүүх бүрэлдэхүүн "Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөр­вөн лицензийг хүчингүй бол­госон. Харин хариу­цагч тал болох Ашигт малтмалын газар уг шийдвэрийг хүлээн зөв­шөөрөлгүй, давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сард болж талуудыг хэргийн материалаа дахин бүрдүүлэхийг даалгав. Ингэснээр тун удахгүй Гацууртын ордод олборлолт явуулах эсэхийг шүүх дахиад эхнээс нь хэлэлцэнэ. Хэдийгээр "Сентерра гоулд” компани хайгуул, олборлолтын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй ч лиценз нь албан ёсоор хүчингүй болчихоогүй байна.
 
Иргэний нийгмийн байгууллага, Сэлэнгийн Мандал сумын ард иргэд Ноён ууланд олборлолт явуулбал эртний түүх дурсгал өртөх эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байгаа. Харин тус компанид тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрынхан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. Наанаа бол хуулийн дагуу зөвшөөрөл олгосон хэмээн маргаж байгаа. Харин цаана нь монголчуудын эрх ашиг хөндөгдөж, бүх нийтийн эсэргүүцэлтэй тулж байгааг тэд ойлгосонгүй бололтой. Эсвэл ойлгосон ч үл тоож байна уу.
 
Гацууртын ордын асуудал анхнаасаа улстөржиж, бүлэг хүмүүсийн эрх ашиг бий болсон нь илт байгаа билээ. Гэтэл АМГ-ынхан ард түмний эсэргүүцлээс зөрж тэдний талд зогсож байгаа нь цаанаа ямар нэгэн далд санаа агуулж байгаа ч байж болох.
 
Б.ЗАЯА
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.