Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан уу?


 

Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан уу?

 

Шуудхан хэлэхэд, УИХ, Засгийн газар цаашдаа хэнийг хаана, ямар албан тушаалд томилох гэж байгаагаа ултай харах цаг иржээ. Тэгээгүйгээс завхрал үүсээд эхэллээ. Энд маш ноцтой асуудал хөндөх гэж байна. Сүүлийн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Сангийн яамны зохион байгуулж буй хэвлэлийн хурлуудад оролцож, Сангийн сайд Б.Жавхлантай хамт телевиз, сайт, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл, ярилцлага өгч, бодлого ярьж суудаг боллоо. Сэдэв нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” байх аж.
Энэ хөтөлбөр бол Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн төсөл, Сангийн яам л гардаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын тухай хуулиар Сангийн яам бол ерөнхий чиг үүргийнх бөгөөд эрхлэх асуудалд нь энэ багтдаг.
Харин Монголбанк үүнд ямар эрх хэмжээтэй оролцох ёстой вэ. Монголбанкийг Засгийн газартай ямар хэмжээнд харилцах ёстойг хуулиар тогтоогоод өгчихсөн. Тэнд “Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанк болон банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд зөвлөх эрхтэй оролцож болно”, бас “Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монголбанк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ” гэсэн байна.
 
Гэтэл Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч нь Сангийн сайдыг дагаж салбаганаад байгаа нь хоёр байгууллагын статус, чиг үүрэг, хуулийн тэнцвэрийг алдагдуулсан явдал болж байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хоёрын хувьд ойр хүмүүс л дээ. Хүн бүр л мэднэ. Ялангуяа банк, санхүүгийн салбарынхан “доторлож” мэддэг.
Өмнө нь Монголбанкинд дарга цэрэг явсан. Дараа нь Б.Жавхлан нь Г.Дөлгөөнийг банкны Хөгжлийн банкны дэд захирал, Төрийн банкны гүйцэтгэх захирал болгоход дэмжсэн л гэдэг юм. Энэ талаар мэдэхгүй, ярихгүй хүн ховор доо.
Ухаад яривал өөр ч олон юм бий. Ямар ч байсан Б.Жавхлан, Г.Дөлгөөн хоёр ойрын холбоотой.
Гэлээ гээд Г.Дөлгөөн Сангийн яамны газрын дарга шиг гүйж, ажилд нь үүрэг гүйцэтгээд Монголбанкны эрх хэмжээг унагаж болохгүй. Ингэж холион бантан хутгасны горыг дараа нь хэн амсах вэ.
Энэ хоёр хүн дараа нь “...“Монголбанк  нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх” гэсэн албан ёсны харилцаа байдаг. Түүний дагуу хамтран ажиллаж байна гээд гүрийж үзэх байх. Үгүй л дээ.
 
Г.Дөлгөөний энэ үйлдэл бол Монголбанкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэснийг, “Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно” гэснийг тус тус ноцтой зөрчиж байгаа юм.
Ер нь тэгээд Б.Жавхлан ч, Г.Дөлгөөн ч таваг таваг дахь хоолоо идэх л ёстой. Монголбанкийг, Сангийн яамыг хуульд зааснаас өөрөөр ажиллуулж болохгүй.
Энэ үйлдлээ яаралтай зогсоохгүй бол Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан гэсэн яриа хөөрөө санхүүгийн салбар, улс төрийн хүрээнд газар авлаа.
 
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.