Завхан аймгийн удирдлагуудын дээр төр гэж байна уу


Завхан аймгийн удирдлагуудын дээр төр гэж байна уу

 

Ард түмэн төрийн эрх барих хэрэгт өөрсдийн сонгосон Төлөөлөгчдөөрөө дамжуулан оролцдог .  Гэтэл энэ эрхийг нь Завхан аймгийн МАН-ынхан уландаа гишгэж, дээрээ засаглалгүй, дэргэдээ түмэнгүй мэт аашилж байна. Тэдний  ааш сонгуулийн дараагийн өдрөөс л улам гаарч , хэмжээ хязгааргүй болов. Тэд сонгуулийн үр дүнг Завхан аймгийн нийт ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн ичих ч үгүй мэдэгдэл хийв. Сонгуулиар өөрсдийн хийсэн булхай бүхнээ  Ардчилсан намынхан хийсэн гэж гүтгэв. Ардчилсан намаас сонгогдсон Төлөөлөгчдийг цагдаа, шүүх дээр дуудуулж, амралтын хэдэн өдрийг нь ч сэтгэл амар өнгөрүүлсэнгүй. Харин өөрсдөө албаны машин унаж, найр наадам хэсэн, төрийн албан хаагчдадаа мөнгөн аягаар бэлэг барин тансаглав.

Сонгуулийн дүн гарсны дараа л өрсөлдөөд унасан, ялсан бүх төрийн албан хаагчдаа албан тушаалд нь буцаан томилж, ард түмнээр даажигнав. Монгол улсын одоогийн мөрдөгдөж буй хуулиар төрийн жинхэнэ албан хаагч Төлөөлөгч байж болохгүйн дээр сонгуульд өрсөлдөхөөр чөлөөлөгдөхдөө нөөцөд ч үлдэхгүй байхаар хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл тэд төрийн жинхэнэ албанд орохдоо анх орж буй иргэнтэй адил төрийн албаны шалгалт өгөх  ёстой. Гэтэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шууд  томилж, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хуваарийг хийлгэн, газрын талаарх хууль зөрчсөн үйлдлүүдээ үргэлжлүүлж,  ард түмнийг тохуурхаж эхлэв.

Аймгийн даргынхаа энэ хууль бус үйлдлийг нь зөвлөж, шаардаж, засаж, зааварлах ёстой  Төрийн албаны салбар зөвлөлийн дарга буюу Тамгын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга нар  нь хэлгүй, нүдгүй мэт таг чиг сууна.

Ард түмнээс сонгогдсон Ардчилсан намын Төлөөлөгчид амласан ажлаа эхлүүлэх гэж анхдугаар хуралдааны товыг зарлаж өгөөч хэмээн эрх хүүхдийн ааш аяыг олох гэж аргаа барах  адил аймгийн Хурлын даргад албан тоот, албан шаардлагыг нийтдээ 3 удаа хүргүүлсэн боловч хариу эс өгөв.

Гэтэл тэдэнд  аймгийн баяр наадмаа 10 хоног хийх нь ард түмний сонголтоос ч илүү чухал санжээ. Наадмын дараа хуучин Төлөөлөгчиддөө бэлгээ гардуулж, 350сая төгрөгийн асуудал шийдүүлэх хэрэгтэй болов хэмээн  Хүндэтгэлийн хэмээх хуралдаан хийж, 350 сая төгрөгийг үргүй зарцуулахаар шийдүүлэв.  Одоо  нэг хүсэл нь ханаа болов уу  гэтэл үгүй ажээ.

Тэдэнд Отгонтэнгэрийн тахилга болон Идэр сумд болох хутагтуудын баярт төрийн машин унаагаа унан, морь даган давхих,  гэр бариулан тухалж, олныг өмнөө бөхөлзүүлэх бас нэгэн хүсэл гарч ирэв. Энэ хүслээ биелүүлсний дараа бас 7 хоног тухалж амраад, хуулиар заасан эцсийн хугацаанаас бараг 10 хоног хэтрүүлэн, 7 дугаар сарын 27-ний өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулахаар товлосон сураг дуулдав. Сураг гэсний учир нь Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоо  албажуулж гаргаж өгөхгүй бас л томров.

Ийнхүү цаг хожихын учир нь шүүх цагдаад өгч буй хүмүүсийн тоогоо нэмж, тэр учгаа чангатган аймгийн засаглалаа авч үлдэн, албан тушаал эрх ямбатайгаа зууралдах ард түмний сонголтыг  луйвардах  атгаг муу санааных юмсанж.

Шүүх ч Засаг даргын үгээр ажилладаг болжээ. СЕХ-оос иргэн хүний сонгох эрхийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж, 2016.06.29.ний өдрийн 81 тоот тогтоол гарган саналын хуудас дууссан шалтгаанаар саналаа өгч чадахгүй байгаа хүмүүсийн саналыг авсныг шүүхээр үгүйсгэн, АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Төлөөлөгч Тунгалагийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав.

Шүүхийн шийдвэр гарахаас 1 өдрийн өмнө аймгийн МАН-ын дарга нь Тунгалагийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр маргааш гарна хэмээн ярьж явсан байх юм. Түүгээр ч зогсохгүй ийм шийдвэр гарсны дараа МАН-ын дарга шүүх дээр очин шийдвэр гаргасан шүүгчид баяр хүргэсэн байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар ээлжит сонгуулийн санал авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор анхдугаар хурлыг зарлан хуралдуулна гэж заасан байхад аймгийн удирдлагууд дээрхи хуулийг уландаа гишгэн сонгууль болсноос хойш 28 хоногийн дараа хурлаа зарлалаа хэмээн аймгийн АН-аас захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахад хүлээн авахаас татгалзаж байх жишээтэй.

Энэ мэт хууль үйлчилдэггүй дарга нар ард түмний сонголтыг шүүхтэй хамтран өөрчлөх оролдлого хийсээр байх уу?

МАН-ын дарга нар одоо дахиад АН-ын 3 Төлөөлөгчийг түдгэлзүүлнэ хэмээн ярьж байгаа нь биелэх болов уу?

Алтан загасны үлгэрийн эмгэний хүсэлд хязгаар байдаггүй шиг, Ардын намаас гарсан Завханы удирдлагуудын хүсэлд хязгаар үгүй ажээ. Тэдэнд  хууль үйлчилдэггүй юм гэнэ. Яагаад гэвэл тэд дээрээ олуулаа учраас гэнэ.

Эрхэм Ерөнхийлөгч,  УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа 

Ийнхүү дураар дургих эрхмүүдийн дур зоргын үйлдэлд цэг хязгаар тавихгүй бол  сонголтоо хийсэн ард түмний уур хилэн бадарч байна. Та бүхэн ард түмний эв эе, төрт ёс, шударга байдал, хууль ёсыг эрхэмлэн үзэж улсын хэмжээнд цор ганцаар Ардчиллыг сонгосон Завхан аймагт анхаарлаа хандуулаач. Энд л  намчирхал, улс төрийн хийрхлийн эсрэг хуулийг дээдлэх ,  ард түмний сонголтыг  хүндэтгэх төрийн хүний холч ухаан, төрт ёсны  зангараг хэрэгтэй байна.

Бид төрөө дээдэлдэг, түмнээ хүндэлдэг, хуулийн дор амьдардаг  улс биш гэж үү.

[img src="http://chingis.mn/images/source/logo67.png" alt="">


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.