Хуульд зааснаар өчигдөр /2021.09.01/ нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор ил болж, тодорсон. Хэдийгээр ирэх аравдугаар сард болох УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч эрх баригч МАН, сөрөг хүчин АН гэсэн улс төрийн хоёр том намаас ямар хүн нэр дэвших, дэвшүүлсэн нь олон нийтийн анхаарлын төвд, өнөөдрийн гол сэдэв болоод байна.
Тэгвэл АН-аас Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг нэр дэвшүүлсэн нь багагүй шүүмжлэл дагуулж байгаа юм.
Учир нь, Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа бөгөөд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар өмнө нь яллагдагчаар татагдан шалгагдаж байсан ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байдаг.
Харин эл асуудалд өнөөдөр /2021.09.02/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тайлбар өглөө.
Тэрбээр "Нэгдүгээрт Үндсэн хуулийн дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй бол гэм буруугүй гэж үзнэ. Хоёрдугаарт, энэ эрх баригчид улс төрийн хоригдлуудыг л бий болгосон шүү дээ. Үзэл санааны хоригдлуудыг бий болгосон шүү дээ. Энэ бүх зүйл улс төрийн л захиалгатай шүү дээ. АН-аар овоглодог, ардчилалын туг барьж өссөн хүмүүсийг зориудаар харлуулсан шүү дээ. Энэ худлаа юм уу. Ийм болохоор бид нэгдэх ёстой, тэмцэнэ" гэж ярилаа.
Тэгвэл АН-ын дарга М.Тулга "Бид сонгуульд оролцох гэж байгаа юм биш. Сонгуульд орж парламентын гишүүдийн тоогоо нэмэх гээд байгаа юм биш. Данхайсан том дарга нартаа л тэмцэх гээд байгаа юм. Бид маш олон талаас нь харж нэр дэвшигчдээ тодруулсан. Данхар төр, дарга ангитай тогтолцооны эсрэг явах цаг болсон. Ардчилсан хувьсгал 1990 онд дарга ангийн эсрэг тэмцэж эхэлсэн. Тэгвэл хоёрдугаар хувьсал эхлэх цаг нь болсон. Залуус бид ахмадуудтайгаа хамт тэмцэх цаг нь ирсэн байна. Нэгдэх цаг нь болсон байна, үүнийг өнөөдөр зарлаж байна" хэмээн онцоллоо.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-ын Үндэсний бодлогын хорооноос хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Үзэл санаа, зарчмаа худалдаагүй хоёр хүнээ нэр дэвшүүллээ. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Үзэл санааны хувьсгал хийх цаг нь болсон байна. Нийгэм унтаа байдалд орсон байна. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль. Бид эрх мэдэлтэй, дарга нарын хэсгийг дагаар ордоггүй, нэгийгээ үзнэ, тэмцэнэ" гэж өнөөдөр /2021.09.02/ хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярьсан юм.
Сэтгэгдэл