Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй. "Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан "Хариуцлагын гэрээ”-г шинэчилж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын улсын байцаагч нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын алба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Аравдугаар сарын 1-нээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн "Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй. Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан "Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой.
-Шинэчилсэн гэрээнд ямар заалтуудыг нэмсэн бэ?
-Өмнөх "Хариуцлагын гэрээ”-гээр караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн. Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт. "Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Гурван байгууллагын хамтарсан хяналт, шалгалтаар зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэн газар дээр нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулж байсан. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно.
-Яг энэ дагуу "Хариуцлагын гэрээ”-гээ цуцлуулсан хэдэн аж ахуйн нэгж байна вэ?
-Аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан.
-Нийслэлийн Засаг даргын зүгээс аль болох аж ахуй нэгжүүдэд зөвлөн, туслахыг сануулдаг. Зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжүүдэд өмнө нь зөвлөн тусалж, анхааруулж байсан уу?
-НМХГ, НЦУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах байдлаар сүүлийн хоёр жил орчим ажилласан. Гэвч удаа дараа зөрчил гаргаж, хуулийн заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан. Аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү цаг үед ажиллаж байгааг ойлгож байна. Ажилчдынхаа цалинг тавихаас эхлээд орлого тасалдах асуудлуудтай тулгарч байгаа ч удаа дараа хариуцлага алдсан байгууллагуудын ард олон зуун иргэний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Бид юун түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах учиртай тул ийм шийдвэр гаргасан.
Сэтгэгдэл