Хүнс нь эрүүл бол хүн нь эрүүл. Жирийн л үнэн. Гэхдээ их үнэ цэнэтэй. Үндэсний аюулгүй байдалтай холбогдон яригдах том сэдэв. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед "нүүр тахалдаг” нэг сэдэв нь эрүүл хүнсээр улсаа хангах тухай байсан. Харин ажил хэрэг болж үлдсэн юм гэвэл нэрлэж мэдэхгүй нь.
Монголчуудын гол хоол хүнс нь мах. Тийм ч болхоор иргэд жавар сэнгэсэн энэ өдрүүдэд Төв цэнгэлдэхийг тойрон гороолж, махны үнэ ханш сураглаж судалсан шиг холхиж байна.
Хүсэхэд хясна гэдэг шиг энэ жил эрүүл мах олж иднэ гэдэг санаан зоргоор бүтэх ажил биш болсон байна.
Энэ онд нийт дөрвөн удаа, 16 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 12 аймгийн 56 суманд 85 голомтод хөл хорио тогтоогоод байна.
Арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар мал, амьтны гоц халдварт өвчний тархалтын талаарх мэдээлэл гэвэл:
-Үхрийн арьс товруутах өвчин: Дорнод, Хэнтий, Сүхбаатар
-Бог малын мялзан: Дундговь, Өмнөговь, Ховд, Хэнтий
-Хонь, ямааны цэцэг өвчин: Дорнод, Хэнтий, Өвөрхангай
Шүлхий өвчин - Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий, Булган, Увс зэрэг аймагт гараад байна. Өөрөөр хэлбэл, 2017-2018 онд орж ирсэн шүлхий зүүн аймгуудад нутагшаад үлдчихсэн. Түүнийгээ төв болон баруун аймгууд руу алдчихлаа.
Ингэснээр баруун таван аймгийг шүлхий өвчингүй эрүүл бүс болгох гэж сүүлийн жилүүдэд зарцуулсан маш их хүч хөдөлмөр, хөрөнгө талаар боллоо. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд шүлхийн голомтгүй бүсгүй болчихлоо гэсэн үг. Өмнө нь шүлхий өвчин хил дамжин манай улсад "импортлогддог" байсан бол одоо нутагшмал болж байна байна гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.
Үхрийн арьс товруутах өвчин урьд өмнө Монголд хэзээ ч байгаагүй өвчин, уг гарлаараа гэвэл Африк тивд анх 150-аад оны үед гарч байсан өвчин аж. Энэ өвчлөл бүртгэгдсэн орны мал малын гаралтай бүтээгдэхүүнд экспортын хориг тавигддаг тул эдийн засгийн асар их сүйтгэлтэй.
Бог малын Мялзан өвчин аль зунаар л Дундговь, Өмнөговьд аймагт бүргэгэдээд байсан бол одоо Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт, бүртгэгдээд байгаа аж.
Малын халдварт өвчин энд тэнд гарч байгаа мэдээлэл бүр хавар зунаас эхлэн чих дэлсэж эхэлсэн. Гэвч үүнийг нууцалсаар ирсэн. Махны экспортод нөөлөөлнө гэсэн болгоммжлол байсан байх. Гэвч мэдээллийг нууцалснаар халдварын тархалтыг нэмэгдүүлж, орон нутгийнхныг тайвшуулахаас хэтэрсэнгүй. Халдвар яг л коронавиурс шиг тархаж байна.
Ойрын үед коронагийн халдвар хумигдаж хил нээгдлээ ч гэсэн Монгол Улс мах экспортлох боломж үндсэндээ үгүй байна. Мэргэжлийн салбарынхан хонь, ямаа, үхрийн махны экспорт мөддөө сэргэхгүй хэмээн онцолсон байна билээ.
Харин адууны махны тухайд хэвийн үргэлжлэх боломжтой юм.
Махнаасаа хэт хамааралтай монголчуудын хувьд хүнсний гол үүсвэр нь ийнхүү халварт өвчинд нэрвэгдээд байгаа нь зүгээр нэг Мал эмнэлгийн Ерөнхий газар, ХХААХҮ-ийн яаманд хаяглаад өнгөрөх сануулга биш юм. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, хүнсний хангамж зэрэгтэй холбогдон ярих үндэсний аюулгүй байдлын хэм хэмжээний асуудал гэдгийг төрийн гурван өндөрлөг анзаарч харж л байдаг байгаа даа.
Г.Учрал
Сэтгэгдэл