Бохины ч үнэгүй нэхий



 

Хонины нэхий үнэгүйдээд удлаа. Нэхийний үнэ зургадугаар сард л 200 төгрөгт хүрсэн. Ченжүүд өлөнтэй нь 500 төгрөгөөр авч байв. Тэгвэл одоо хонины нэхий бүр үнэгүй болж, хог хаягдал болоод байна. Хөдөөд хонины нэхийг өлөнтэй нь 300 төгрөгөөр авч байгаа аж.

Өлөн л хонины нэхийний үндсэн өртгийг бүрдүүлж буй гэнэ. Өлөнгүй бол хэн ч тоож авдаггүй гэнэ. Малчид нэхийгээ 300 төгрөгөөр зарах гээд сумын төв рүү давхихгүй нь ойлгомжтой. Модтой чихрийн үнэд хүрэхгүй эдийг хог руу шидчихсэн нь тэдэнд шулуухан.

Нэг хонины нэхийг боловсруулаад хэдэн арьсан цүнх хийж болох вэ? Нэг сайхан цүнх хийчих боломжтой. Цэвэр арьсан цүнх өнөөдөр зах зээлд 200-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Цаашлаад брэнд болгож чадвал хэдэн мянган "ногоон”-ы үнэд хүрнэ. Ийм их нэмэгдсэн өртөг шингээдэг бүтээгдэхүүн өнөөдөр татсан тамхины иш шиг хог дээр хэвтэж байгаа нь харамсалтай.

Эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулдаггүй ч нэхий бол Монголын баялаг юм. 5-6 дугаар сард нэхийний үс, хөрс мууддаг улирлын чанартай онцлог бий. Ноосыг нь хяргачихдаг учраас үс нь богино болдог. Энэ үед үнэ нь унадаг жамтай. Гэхдээ арай ч энэ жилийнх шиг хог болж байсан удаагүй. Монголчууд жилд 10 сая мал нядалж хүнсэндээ хэрэглэдэг. Үүний дийлэнх нь хонь. Тэгэхээр хэдэн сая гутал, цүнх, бээлий хийх түүхий эд хаягдал болж буй нь тодорхой.

Яагаад хонины нэхий үнэгүйдэв. Дэлхийн эдийн засаг хямрахаар зөвхөн нүүрс, алт, зэс гэх ашигт малтмалын үнэ унадаггүй аж. Үүнийг дагаад мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унадаг юм байна. Малын арьс, шир, ноос, ноолуурын үнэ хямдарсан нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй. Түүхий эдийн үнэ унасан хамгийн том шалтгаан нь энэ.

Манайхан хонины нэхийгээ хагас боловсруулаад хятадуудад худалддаг. Цөөхнийг нь л дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэд манай хонины нэхийг бүрэн боловсруулж, савхи хийгээд бээлий, цүнх урлана.

Мөн гутлын дотор хийдэг. Ингээд Европын зах зээлд худалддаг. Европ төдийгүй дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт муудсан тул хятадууд үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулж байна. Үүнээс улбаалаад түүхий эдийн хэрэглээгээ багасгаж буй. Ингээд түүхий эдийн эрэлт буурч, эдийн засгийн хуулийн дагуу үнэ нь унав.

Манай хагас боловсруулах үйлдвэрүүд хэдэн арван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэхийг борлуулж чадаагүй байгаа аж. Илүүдэлтэй учраас нэхий худалдаж авахаа ч зогсоожээ. Ингээд л үнэгүйдсэн хэрэг. Нэрээ нууцлахыг хүссэн, арьс, боловсруулах үйлдвэрийн захирал "Манайд 800 сая төгрөгийн үнэтэй хагас боловсруулсан нэхийний нөөц бий. Зарж чадахгүй байгаа. Хятадууд худалдаж авахаас цааргалаад байна” гэж ярив. Тэрбээр зөвхөн Монголд ч биш, Өвөрмонголд ч хонины нэхий үнэгүйдээд байгааг дуулгасан юм.

Нөгөө талаас өнгөрсөн жил маш олон хонь нядалсан нь нэхийний ханшийг унагахад нөлөөлжээ. Мах экспортлох, зуд болох сургаар маш их хонь нядалсан нь зах зээлд илүүдэл үүсгэж хонины нэхийний үнийг хямдруулсан гэж Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан ярив.

Мөн тэрбээр "Хонины нэхий, ямааны арьс хачиг, хувалзанд хазуулсан сорви ихтэй байна. Энэ нь ч нэхийний үнэ хямдрахад нөлөөлж байгаа. Малчид тарилга, угаалга хийлгэж малаа эрүүлжүүлэх тал дээр анхаарахгүй бол түүхий эдийнх нь үнэ өсөхгүй. Үхрийн ширний үнэ 10 мянга гаруйхан төгрөгт хүрч хямдарсан нь гуур ихтэй болсноос шалтгаалсан” гэсэн юм.

Малын гаралтай түүхий эдийн үнэ өсөх болов уу. Өдийд хонины нэхийний үс уртсаж, хөрс нь зузаарсан байгаа. Арьс ширний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ татаж эхлэхээр төлөвлөж буй гэнэ. Гэсэн ч үнэ нь өсөх шинж алга.

Нэхийний үнийг 1000 төгрөгт л хүргэх бодлого барих аж. Ингэж байж л үйлдвэрүүд ашигтай ажиллах гэнэ. Харин ямааны арьс, адуу, үхрийн ширний үнэ өсөх шинжтэй байгаа аж. Адуу үхрийн шир 40-50, ямааны арьс 20 мянган төгрөгийн үнэд хүрнэ гэж арьс шир үйлдвэрлэгчид таамаглаж байлаа. Магадгүй хэт өөдрөг таамаг ч байж мэднэ.

Эдийн засгийн хүндрэл болоход түүхий эдийн ханш огцом унадаг бол боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний үнэ бараг хямдардаггүй. Тиймээс боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх нь түүхий эдийн үнэгүйдлээс аврах гарц гэж улстөрчид үздэг. Улстөрчид малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулах, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийг олноор бий болгох бодлого баримталж, тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Гэвч энэ талаар баримтлах төрийн бодлого дутмаг байгаа билээ. Цагаан идээ бол малын гаралтай бүтээгдэхүүн. Хэдийгээр гар аргаар, өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр хийсэн ч монголчуудын хэрэглэх дуртай эцсийн бүтээгдэхүүн. Килограмм ааруулжилийн өмнө 7-10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо энэ үнээ хадгалсаар байна. Малын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ааруул шиг үнэ ханшаа хадгалсаар байх юм.

Түүхийн эд үнэгүйдэхээр малчид л хохирно. Алган дээрээ тавьдаг арав таван төгрөг нь багасаж, амьжиргаа нь шууд дордоно. Малчдын санааг хамгийн их зовоож байгаа бэрхшээл бол түүхий эдийн үнэ. Мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унаснаар тэдний амьдралдаа итгэх итгэл алдарч байна.

Ялангуяа, малчин залуус хот суурин газар бараадан, тогтмол цалинтай ажил олж хийх сонирхолтой байгаагаа нуухаа больжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын малчин Э.Энхтамир "Хоёр жилийн өмнө Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд мал хэмээх "Амьд үйлдвэрлэл”-ийг эрхлээд сайхан амьдарч болно гэж бодоод нутгаа зорьсон.

Мал, малын гаралтай түүхий эд үнэгүйдлээ. Одоо надад ямар ч ирээдүй, гэрэл гэгээ харагдахгүй байна” гэж ярьсан юм. Малчид 15 мянган төгрөгөөр хонины нэхийгээ зараад мотоциклийнхоо шатахууны савыг дүүргэчихдэг байсан сайхан цагаа дурссаар байна. Мал, малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөж, малчдын үймэрсэн сэтгэлийг тайтгаруулах гарц юу вэ?

Т.Энхбат

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.