“Сайн” хөтөлбөрүүд сөхөрсөн эдийн засгийг өндийлгөх бус элгээр нь хэвтүүлжээ - See more at: http://www.unen.mn/content/65637.shtml?alias=politics#sthash.1COoGxpU.dpuf


“Сайн” хөтөлбөрүүд сөхөрсөн эдийн засгийг өндийлгөх бус элгээр нь хэвтүүлжээ - See more at: http://www.unen.mn/content/65637.shtml?alias=politics#sthash.1COoGxpU.dpufЗасгийн газрын ээлжит хуралдаанаар "Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох шийдвэр гаргасан билээ. Учир нь, Монгол Улсын төсвийн тогтвортой байдал болон Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тиймээс "Сайн хашаа”, "Сайн оюутан”, "Сайн малчин”, "Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоосон. Шинэ Засгийн газрын энэхүү шийдвэрийг нааштайгаар хүлээн авах иргэн цөөнгүй байна. Тухайлбал, "Зөв шүү дээ. Хавтгайрсан халамжаа боливол таарна. Мэдээж улс хувь хишгээ ард олондоо тараах нь зүйтэй. Гэхдээ зөв зүйлд тараах хэрэгтэй. Анх хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах үед долоо хоногийн дотор архины борлуулалт 67 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байсан. Ийм л байж боломжгүй байгаа юм”, "Ард түмнээс хувьцааг сонгуулийн ашиг сонирхолд нийцүүлэн эдийн засгийн хямралтай байдлыг далимдуулан хямд үнээр авах гэсэн нь хууль зөрчөөд зогсохгүй Монголын ард түмнийг хохироосон үйлдэл болсон. Зогсоох нь зөв бөгөөд хэрэв ард түмний хувьцааг худалдах, худалдан авах шаардлага гарвал зах зээлийнх нь зарчмаар Хөрөнгийн биржээр дамжуулан зохих журмын дагуу зохион байгуулах хэрэгтэй. Иргэд хувьцаагаа зарахаасаа илүү эзэмшвэл ирээдүйдээ гэр бүл, үр хүүхдэдээ томоохон хөрөнгөтэй болно гэсэн үг”, "Энэ бол АНын тооцоогүй хийсэн том алдаа. Сонгуульд гарна гэж аймшигтай зүйл хийсэн. Одоо МАН л юм хийгээсэй. Монголчууд минь өнөө маргаашийн хэдэн төгрөгт битгий хууртаарай. Хэзээ нэгэн цагт хувьцааны ашгаа хүртэнэ гэж бодож байна”.

 

Энэ мэтчилэнгээр иргэд өөрсдийн санал бодлыг сошиал ертөнцөд хуваалцжээ. Товчхондоо, өмнөх Засгийн газрын санаачлан хэрэгжүүлсэн "Сайн” тодотолтой хөтөлбөрүүдийн эцсийн зорилго нь тухайн тодотгосон иргэд рүүгээ бус сонгуулийн дүнд нөлөөлөх байсан гэдгийг хэн бүхэн ойлгож, мэдэж байсныг энд цохон тэмдэглэе. Тийм ч учраас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй тодорхой хуулийг зөрчсөн дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсооход буруудах зүйлгүй юм. Гэхдээ хүмүүсийн амьдралд дэм болох хэрэгтэйг нь буюу "Сайн оюутан” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр болон хуулийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлж болох боломж, гарцын талаар Засгийн газраас судалж буй аж. Тодруулбал, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөсөн юм.

 

Аливаа зүйлийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой бөгөөд өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал буюу улсын төсвийн орлогыг ч мөн бодолцох учиртай. Яагаад гэвэл сүүлийн гурван жил дараалан манай улсын нэгдсэн төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа төсвийн тодотгол хийжээ. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсөв дөрвөн жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас улсын эдийн засаг хямарсан, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарцуулсантай шууд холбоотой аж. Үүний нэгэн тод жишээ бол "Сайн” хөтөлбөрүүд. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай хүнд үед ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай төсөл хөтөлбөрийг өөр зорилгоор санаачлан хэрэгжүүлэх нь уналттай эдийн засгийг өндийлгөх бус харин ч том цохилт болно гэсэн үг. Тодруулбал, Засгийн эрхийг барьж байсан АН-ынхан улс төрийн сонгууль болохоос хэдхэн сарын бүр 20 гаруйхан хоногийн өмнө дээр дурдсан хөтөлбөрийг санаачилж, яаравчлан хэрэгжүүлсэн нь хямралтай эдийн засгийг улам дордуулахад хүргэлээ. Товчхондоо, хөтөлбөр хэрэгжүүлж, ард иргэдийг хямралаас гаргах бус нэрмээс болсон нь харамсалтай. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий дөрвөн хувиас буюу 974.9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл оны эхний долоон сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгт хүрчээ. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10.3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5.1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21.1 хувийг давахаар байгаа талаар Сангийн яамнаас танилцуулсан. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсвийн алдагдал төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэхээр байгаа гэсэн үг юм. "Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг энэ оны улсын төсөвт тусгалгүйгээр 596 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь аль эртнээс бодож, төлөвлөсөн улс төрийн бодлогын чанартай ажил биш, сонгуульд санал авах зорилгоор санаачилсан гэдгийн нотолгоо юм. Тодруулбал, өмнөх Засгийн газар улсын төсөвт тусгуулаагүй, УИХ-аар хэлэлцүүлээгүй шинэ төсөл хөтөлбөрийг өр тавьж, мөнгө хэвлэж, санхүүжүүлсэн нь улсын төсөвт ирэх ачаалал төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхэд хүрчээ. Нөхцөл байдал буюу үнэн бодит төрх ийм байхад АНын дарга асан З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нар "Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосон нь буруу” хэмээн мэлзэж сууна. Энэ тал дээр иргэд болон нэгэн цагт төрийг жолоодож явсан эрхмүүд байр сууриа аль хэдийнэ илэрхийлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж "Сайн тодотголтой хөтөлбөрүүд бол яах аргагүй сонгуулийн шоу байсан. Тийм л сайн юм бол дөрвөн жилийн өмнөөс сайн тодотголтой хөтөлбөрүүдээ эхлүүлж байхгүй яасан юм. Малчин, оюутан, иргэдээ гэсэн сэтгэлтэй байсан л бол эртнээс хэрэгжүүлэх л байсан. Гэтэл улс төрийн сонгууль болдог цаг үетэй давхцуулан янз бүрийн хөтөлбөр санаачилж, хууль зөрчиж хэрэгжүүлж байгаа нь ард түмнээс оноо авах гэсэн бүтэлгүй оролдлого байлаа. Засгийн газар ард түмнээ хуурсан хууралт гэдэг нь бүх хүний өмнө харагдаж байна. З.Энхболд энэ талаар нэг зүйл ярьсан байна лээ. Үүнийг өмгөөлж, хамгаалаад байх шаардлага байхгүй” хэмээжээ. Хэрэв үнэхээр ард түмнээ бодож хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлье хэмээсэн бол одоогоос хоёр, гурван жилийн өмнө санаачилж, санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулан холбогдох хууль дүрмийн хүрээнд хэрэгжүүлсэн бол маргах асуудал гарахгүй биз ээ. Шинэ Засгийн газар хэрэгжилтийг зогсоох шийдвэр гаргах бус харин ч цаашид үргэлжлүүлэх байсан нь гарцаагүй. Төсвийн тухай болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарлагаа өсгөн, ард түмний өрийг нэмэгдүүлсэн "Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийн үнэн дүр төрхийн талаар товч өгүүлье.

 

 

МАЛЧИД ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛД ГИНЖЛҮҮЛСЭН

 

        "Сайн малчин” хөтөлбөрийг хоёрдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч малчид зээлийн босгыг давж чадахгүй гинжлүүлж, арван хувийн хүүтэй зээл авах нь тэдний хувьд мөрөөдөл болж байв. Учир нь, ийм хувийн хүүтэй зээл авахаар төлөвлөж буй малчид нэгдүгээрт, малчны данстай, хоёрдугаарт, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, гуравдугаарт, малдаа туулга, тарилга, угаалгыг технологийн хугацаанд нь тогтмол хийлгэсэн байх ёстой аж. Ингэхдээ гэр бүлээрээ эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөх ёстой. Арилжааны банкинд зээлтэй 120 мянган малчин нэг, гуравдугаар шаардлагыг биелүүлж дөнгөх ч хоёр дахь болзлыг давах малчин маш ховор. Тодруулбал, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нийт малчны 6-8 хувь нь төлдөг гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, 153 мянган малчнаас зөвхөн 25 мянга гаруй нь төлдөг гэсэн үг. Малчны зээлийн санхүүжилт нь засгийн газрын хөнгөлөлттэй зээл 75, банкны өөрийн эх үүсвэрээс 25 хувь байхаар тусгажээ. Түүнчлэн Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд 200 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдсэн. Энэ мэтчилэн 153 мянган малчны магнайг тэнийлгэсэн зүйл хэлчихээд хойноос нь дээрх гурван шаардлагаар хэрэм босгосон.

 

ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТНУУДАА САЙН, МУУГААР НЬ ДУГААРЛАСАН

 

        "Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 25-нд гаргаж, тавдугаар сарын 2-ноос богино болон урт хугацаатайгаар эхлүүлсэн. Энэ оны нэгдүгээр сараас дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн одоогийн хүүг таван хувь болгон бууруулна гэсэн үг. Өмнөх Засгийн газрынхан иргэдэд ямар нэгэн зүйл амлахдаа өндөр шаардлага тавьж, ялгаварлан гадуурхахгүй гэж ер үгүй. Учир нь, тус хөтөлбөрт дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан оролцох боломжтой бөгөөд нэгдүгээр дамжааны оюутны хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-иас дээш, хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан 3.5- аас дээш голч дүнтэй байх ёстой. Хэрэв энэхүү болзлыг хангахгүй бол сайн оюутны зээлд хамрагдахыг мөрөөдөх ч хэрэггүй байв.

 

ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН САНАЛЫГ ПААЛАНТАЙ ЖОРЛОНГООР БАРЬЦААЛЖ БАЙВ

 

        Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өнгөрсөн дөрвөн жилд "дахин төлөвлөлт” хэмээн шоудсан ч түүнийгээ дорвитой хэрэгжүүлж чадаагүй. Учир нь, "дахин төлөвлөлт”-ийн уршгаар хөлсний байранд толгой хорогдож буй иргэд цөөнгүй. Гэтэл сонгуулийг угтан "Сайн хашаа” гэсэн шинэ хөтөлбөрийг санаачилж амжив. Үүнийг Засгийн газар, нийслэлтэй хамтран хэрэгжүүлэхээр тохирч байсан. Ингэхдээ шаардлага хангасан айлуудад 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох бөгөөд зээлийн эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс дээш гарвал 50 хүртэлх хувийг төр болон хот хариуцах маягаар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөх юм. Энэ нь гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд боломжийн санагдах хэдий ч банкнаас тавих зээлийн шалгуурт бүдрэх магадлал өндөр. Орон сууц, хашаа байшин, оюутныхаа сургалтын төлбөр зэргийг төлөх гээд иргэд арилжааны банкнаас зээл авах нь энгийн үзэгдэл. Ийм үед банкнаас дахин зээл авч, модон жорлонгоо паалантайгаар солих иргэд хэр байсан бол. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд амьдардаг 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулах бөгөөд үүнд 200 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байжээ.

 

"САЙН ХУВЬЦАА” НЭРИЙДЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙГ УЛАМ ДОРДУУЛСАН

 

        Улс төрийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 10-нд өмнөх Засгийн газар ээлжит бус хуралдаан шуурхай хийж, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах шийдвэр гаргасан. Энэхүү ажлаа "Сайн хувьцаа" хэмээн нэрлэсэн. Олон жилийн турш "үхмэл” байсан 1072 хувьцааг тийнхүү "амилуулах” болсон гол хөшүүрэг бол мэдээж сонгууль. Учир нь, тухайн үед төсвийн зардал ихэсч өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал алдагдал 4.2 хувиар нэмэгдэж, эхний таван сарын байдлаар 860 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан үед иргэдийн хувьцааг худалдаж авах хөрөнгө үнэндээ өмнөх Засгийн газарт байхгүй байв. Үүгээр ч зогсохгүй зөвхөн 18-аас дээш буюу сонгуульд санал өгөх насны иргэдийн хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн нь сонгуульд зориулсан шоу гэдгийг улам бататгаж байсан билээ. Санхүүжилтийнх нь талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хувьцааг мөнгөжүүлэхийн тулд 400 орчим тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд үүнийг олохын тулд бонд босгоно гэдгийг тодотгосон. Ингэж хэлсэндээ хүрэхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэж, иргэдэд долоо хоногийн хугацаатайгаар бэлэн мөнгө олгосон. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг "Сайн” хөтөлбөрүүд сөхөрсөн эдийн засгийг өндийлгөх бус элгээр нь хэвтүүлэв.

 

АН зөвхөн сонгуульд ялахын тулд дээр дурдсан хөтөлбөрүүдийг хууль зөрчиж хэрэгжүүлэн эдийн засаг, төсвийн алдагдал, иргэдийн амьдралыг өнөөдрийнхөөс илүү хүнд байдал руу чирсэн нь энэ.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.