"Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган өнөөдөр эхэлж, "Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт Төрийн ордонд боллоо. Чуулганыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын Ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон дотоод, гадаадын түнш байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд илгээлт ирүүлж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Асад Наки нар нээлтийн үг хэлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Монгол Улс байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн, олон мянган жилийн тэртээгээс байгальтайгаа зохицон амьдарч ирсэн түүхтэй, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншилтэй, эрчимтэй хөгжиж байгаа цөөн орны нэг” хэмээн нээлтийн эхэнд онцоллоо. "Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, байгаль орчны бохирдол, доройтол нь өнөө үед экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж, улс орнуудын тогтвортой хөгжилд сорилт болж байна. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Тухайлбал, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2,1 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас 3 дахин их байгаа юм. Үүний улмаас гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг хайлах, хөрс, бэлчээр доройтон цөлжиж, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж, байгаль, цаг агаараас хараат эдийн засгийн салбарууд, хүн амд эрсдэл учруулж байна. Түүнчлэн, хотжилтын нөлөөгөөр агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Улаанбаатар хотод сүүлийн 10 жилийн байдлаар хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл 2,4 дахин нэмэгдсэн. Иймд манай орны төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр идэвхтэй хамтраж ажиллаж, байгальд ээлтэй хөгжлийн загвар бий болгохыг эрмэлзэж байна. Бидэнд тулгараад байгаа өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, тэргүүлэх салбаруудыг байгальд ээлтэй "ногоон” болгох зайлшгүй шаардлага тулгарч байна хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцлон хэлэв.
НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Асад Накви "Монгол Улс нь ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг амжилттай хэрэгжүүлж, бусад оронд дууриал болж буй орон юм” хэмээн энэ үеэр онцоллоо.
Мөн энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулж батлуулахын зэрэгцээ бодитой үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, ногоон барилгын үндсийг тавьж, сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилгын зураг төсөл боловсруулж байгуулах, ногоон үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлтийг дэмжих ногоон зээлийн сан, эко урамшуулал зэрэг эдийн засгийн хөшүүргүүд бий болгох зэрэг багагүй ажлыг эхлүүлснээ дурьдаж "Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ногоон хөгжил, ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн уриалга”-ыг санаачилж байгаагаа танилцууллаа.
Үндэсний чуулганы хүрээнд өнөөдөр "Тогтвортой хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, инноваци”, "Санхүүгийн системийг хөгжлийн бодлоготой уялдуулах нь” салбар хуралдаанууд, "Хөгжлийн шийдэл, хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэсэн хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Дээд хэмжээний уулзалтад УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнууд, аймгийн Засаг дарга нар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл нийт 160 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Үдээс хойш үндэсний чуулганы хүрээний өөр нэг арга хэмжээ болох "Бүс нутгийн тогтвортой хөгжил” хуралдаан Туушин зочид буудалд үргэлжилж байна.
Сэтгэгдэл