» » Тэлж томрох ирээдүйгүй болсон “100 айл”-ын зах

Тэлж томрох ирээдүйгүй болсон “100 айл”-ын зах


-100 айлд барилгын материалын зах үүссэнээс хойш иргэд элдэв янзын өвчин тусч, замын түгжрэл нь дээд цэгтээ хүрсэн- 


Барилгын материалын төвлөрсөн төв гэж нэрлэх болсон "100 айл” орчимд томоохон худалдааны төв, дунд зэргийн болон жижиг дэлгүүрүүдэд нийтдээ 1100 гаруй түрээслэгч хувь хүн, байгууллага худалдаа хийж байгаа талаар манай сонин өмнө нь хөндсөн. Эдгээр худалдааныхнаас гадна нийт 102 жижиг үйлдвэр тэнд үйл ажиллагаа явуулж байна. 
Бидний "100 айл” гэж нэрлэж заншсан, 32-ын тойрог хүртэлх зам дагууд нийт 1.6 км урттай замд дээрх бүх дэлгүүр, үйлдвэрүүд чихцэлдэн байрлаж байна гэсэн үг юм. Өнгөрсөн жилүүдэд барилга ихээр баригдаж, барилгын материалын зах ч тэр хэрээр борлуулалт, эргэлт сайтай байлаа. Цаашдаа ч энэ байдал хадгалагдана.
Учир нь өдгөө барилгын том, дунд, жижиг компаниудын ихэнх нь "100 айл”-ын төвлөрсөн зах дээрээс жижиг болон туслах материалаа жижиглэнгээр худалдаж авдгийг компаниуд хэлж байгаа юм. Зуун айлын зах дээр зарагдаж байгаа жижиглэнийг материалуудын жагсаалтыг та хүснэгтээс харна уу.



Цаашид барилгын салбарын өсөлттэй уялдаад барилгын материалын зах томорно гэж бодоход лав л "100 айл” орчимдоо тэлж томрох, нэмж хөрөнгө оруулалт хийгдэх ямар ч бололцоогүй болжээ. 
Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Улаанбаатар хот хөрөнгө оруулалт хийхэд төдийлөн ирээдүйгүй болсон” гэх утгатай үг хэлж байсныг зарим уншигчид санаж байгаа байх. Энэ нь чухам юу гэсэн үг болохыг ойлгуулах нэгэн жишээ нь "100 айл”-ын Барилгын материалын төвлөрсөн захын өнөөгийн байдал юм. "100 айл” дээр үйл ажиллагаа явуулдаг лангуу түрээслэгчид өөрсдийнхөө агуулах савыг ойр орчмын айлуудын хашаанд тавьдаг тухайгаа хэлж байсан. 100 айлын нийт худалдааны төвийн талбайн хэмжээ 58,697 м.кв байгаагаас худалдааны барилгын талбайн хэмжээ 33,385 м.кв байна. Эндээс ашигтай талбайн буюу түрээслэх боломжтой талбайн хэмжээ ердөө л 27,263 м.кв байна. Түүнчлэн дээрх 1.6 км газарт 6.272 м.кв талбай бүхий агуулахууд байрлаж байна. Анзаарвал, хамарч буй талбайн тал хүрэхгүй хувь нь ашигт талбай, 10 орчим хувь нь агуулах аж.
Тэгэхээр энэ бүхнээс үүдэж, хөрсний бохирдол, түгжрэл гээд олон асуудлууд бий болж байна. Харин түрээслэгчид замын түгжрэлийг байхгүй болгоё гэвэл нэн түрүүнд байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулж буй хөөс, цементийн дэлгүүрүүдийг нүүлгэх хэрэгтэй гэж байлаа. 
Тус орчимд үнэр танар, дуу чимээ, элдэв барилгын материал,шохой, хөөсөнцөр дунд олон мянган хүн амьдарч байна. Хэрвээ энэ асуудлыг цогцоор нь шийдэж чадвал иргэдийн эрүүл мэнд, замын түгжрэл гээд олон асуудлыг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энд барилгын материалын зах үүссэнээс хойш иргэд элдэв янзын өвчин тусч, замын түгжрэл нь дээд цэгтээ хүрсэн. Гэтэл энэ бүх үйл явдал нүдэн дээр нь өрнөж байхад манай томчууд хэдхэн хүний бизнесийг хамгаалж нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг хөндөн ярихгүй байгаа нь хачирхалтай. 

Хөл дээрээ гишгэлцэх шахам чихцэлдсэн түрээслэгчид хөлөө жийлцэх маягтай 

2011 онд 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гарч байсан ч өнөөг хүртэл хэрэгжиж чадаагүй. Мэдээж нүүлгэх болсон шалтгаан гэвэл замын түгжрэл хийгээд шинээр баригдах долоодугаар хорооллын ажил, мөн олон төрлийн хортой бодисууд агаарт үлддэг учраас тус орчмын айл өрхүүд амьсгалын замын төрөл бүрийн өвчнөөр өвчлөмтгий болох, цаашлаад ураг болон бусад эрхтэнд нөлөөлдөг болохыг тогтоосноор иргэдийн эрүүл мэндийг бодож нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг ярьж байсан юм. Гэтэл энэхүү шийдвэр нь явцын дунд замхран алга болж энэ хугацаанд 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд хаяагаа улам ихээр тэлсээр цаашид үүнээс илүү томрох гарцгүй болоод байна. Хэрвээ 2011 оноос эхэлж нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимтэй хийсэн бол өдийд ийм олон барилгын материалын дэлгүүрүүд олноороо сүндэрлэн босохгүй байсан. Тус газарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг олон хүн бидэнд дараах зүйлийг ярьж байсан юм. 

Нүүлгэн шилжүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд цемент, чулуу, хөөс, арматурын төмөр зардаг павильонуудыг нүүлгэх хэрэгтэй 

"Одкон Тех” барилгын материалын 11 дүгээр павильоны түрээслэгч Д.Найдан: 



-Манай барилгын төвөөс компаниуд болон хувь хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Гэхдээ одоогоор худалдан авалт муу байна. Манай "Одкон Тех”-ийн хувьд үйлчлүүлэгчээ тав тухаар хангахын тулд гаднах орчинд анхаарч машины зогсоолыг тусад нь гаргасан. Харин төв замын түгжрэлийн тухайд бол ярих юм байхгүй. Учир нь "100 айл”-ын түгжрэл яг юугаас үүсдэг юм бэ гэвэл УБЕГ-ын ойролцоо байгаа зам дагуу байрласан жижиг дэлгүүрүүд. Эдгээрийг өөр газар руу нүүлгэн шилжүүлбэл түгжрэл багасна. Бид бол өөрсдөдөө таарсан жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүс учраас энэ замын түгжрэлд огтхон ч нөлөөлөхгүй.

"Одкон Тех”-ийн лангуу түрээслэгч Д.Алтанцэцэг: 



-Худалдан авалт тун тааруу байна. Манай энэ орчимд маш их түгжрэлтэй. Үүнийг төр засгаас зохицуулах хэрэгтэй. Зохицуулалт байхгүйн улмаас 100 айлыг тойроод маш олон барилгын дэлгүүр бий болсон нь сүүлдээ бидний орлогыг хумьж байна. Хэрвээ үнэхээр түгжрэлийг сааруулъя гэж бодсон бол газрынх нь зөвшөөрлийг өгөхгүй байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл газрын зөвшөөрөл өгснөөр олон барилгын төвүүд нээгдэж, улам ихээр түгжрэл үүсгэж байна. 

"Жоби” төвийн 45 дугаар лангууны түрээслэгч П.Гантуяа: 



-Манай энэ хавьд зогсоол байхгүй. Тухайлбал, үйлчлүүлэгч бараа материалаа аваад гарах хооронд машиныг нь ачаад явчихдаг. Хэрвээ нийслэлд барилгын төвийг тэр чигт нь нүүлгэх газар байвал хүмүүс нүүнэ. Гэхдээ хотод байх ёстой гэсэн үг шүү. Өмнө нь Налайх руу нүүлгэнэ гэж ярьж байсан. Тийшээ нүүх нэг ч хүн байхгүй. Харин хот дотроо нүүлгэн шилжүүлэлт хийнэ гэвэл хүн болгон дуртай хүлээж авах байх шүү.

"К” худалдааны төвийн түрээслэгч Д.Даариймаа: 



-Түгжрэлийг багасгая гэж бодож байвал энэ талбай дээрээ томоохон хэмжээний барилга бариад бүгдийг нь л оруулчихвал хаа хаанаа түгжрэлээс ангижирч чадна шүү дээ.

"100 айл төв”-ийн лангуу түрээслэгч М.Ганцогт: 

-Нүүлгэн шилжүүлэх талаар асуух гэж байгаа бол хамгийн түрүүнд цемент, чулуу, арматурын төмөр зардаг хүмүүсийг энэ хавиас нүүлгэх хэрэгтэй. Учир нь тэдний зарж буй бараа 100 айлын орчим амьдардаг иргэдийн болон бидний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, цемент л гэхэд агаарт дэгдэж тоос, шороо тоосонцрыг бий болгож хүмүүсийг амьсгалын замын өвчтэй болгоод зогсохгүй астматай болгодог аюул бий шүү дээ. 

"К” худалдааны төвийн түрээслэгч Т.Эрдэнэбат: 



-"100 айлын орчим маш бохир. Хамгийн наад зах нь хөрсний бохирдлоос болоод хамгийн түрүүнд тоосонцор дэгдээд эхэлчихсэн. Түгжрэлийг бууруулъя гэвэл хойно байрлаж байгаа хятадуудын худалддаг төмөр чулуу, хавтан, цемент гээд хүний биед хортой нөлөө үзүүлдэг эдгээр бараа материалыг хотоос гадагш нь гаргах хэрэгтэй. 

"Тавилгын үйлдвэр, вакум цонх” павильоны түрээслэгч Л.Ганбаатар: 



-Монгол Улсыг тэжээж байгаа барилгын компаниуд чинь хөрөнгө мөнгөгүйн улмаас таг зогсчихоод байна шүү дээ. Тиймээс бидэнд одоохондоо худалдан авалт алга. Өр зээлдээ баригдсан хүмүүс л байна. Түгжрэлийг байхгүй болгоё гэвэл хүнд металл худалдан борлуулдаг хятадуудыг энэ захаас нүүлгэчих. Тэгвэл та бүхний асуугаад байгаа түгжрэл чинь багасах болно. Бид эндээ л худалдан авагчтай хүмүүс. Тиймээс өөр газар руу нүүнэ гэсэн ойлголт байхгүй.

"Зотол уул” дэлгүүрийн эзэн Г.Цолмонбаатар: 



-Манайх барилгын материалын хэв хашмалын панер, доторлогооны материал, хөдөө аж ахуйн тор утас зардаг. Биднээс бараа материал худалдаж авдаг хүмүүс нь хувь хүмүүс. Компаниуд бол ихэнх нь гаднаас бараагаа татдаг болчихсон. Замын түгжрэлийн тухайд гэвэл хөөс, цемент, дээврийн төмөр зардаг газруудыг нүүлгэх хэрэгтэй. Манай энэ хавь Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан учраас бид өндөр барилгад орно гэж хүлээж байгаа. Байгаль орчин бохируулдаг хөөс, цементийн худалдааг хамгийн түрүүнд нүүлгэх хэрэгтэй. 

"100 айл” дахь барилгын захад хөөсөнцөр худалдаалагч М.Оргил: 

-Энэ тал дээр эсрэг байр суурьтай байна. Учир нь эхлээд техникийн захыг нүүлгэчихээд дараа нь "100 айл”-ыг нүүлгэх нь дээр байх. Үүнээс гадна энэ хавийн хамгийн их түгжрэл үүсгэдэг нэг хүчин зүйл нь иргэний бүртгэл, дүүргийн эмнэлэг байдаг. Барилгын захыг нүүлгэж байхаар эдгээр байгууллагыг нүүлгэвэл түгжрэл үүсэхгүй чөлөөтэй болох боломжтой юм.



Энэчлэн 100 айлын барилгын материалын захынхан хөл дээр гишгэлцэх шахам чихэлдсэнээс болоод өдгөө хөлөө жийлцэж, нэг нэгнээ ад үзэх маягтай болжээ. Барилгын материалын дэлгүүр нэмж байгуулахад газрын зөвшөөрөл өгч байгаа төр, захиргааны байгууллагыг ч шүүмжилж байгаа нь аргагүй байх. Тэрчлэн худалдааны төв, дэлгүүрүүд энд олширсноор борлуулалтад ч нөлөөлөх болсныг онцолж байлаа. Цаашид тэлж томрох бололцоогүй болтлоо төвлөрсөн, түгжрэл, бохирдол, бухимдлын дээд цэгт хүрсэн "100 айл”-ын зах бол Улаанбаатарын өнөөгийн бодит байдлын нэгэн жишээ биз ээ. 

Үргэлжлэл бий...


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.