Төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсохдоо тулаад байгаа юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Д.Бат-Ундрах тамга тэмдэгээ авч зугтаад сар гаруй болж байгаа аж.
Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч яваад одоог хүртэл сураггүй байгаа юм байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиараа дүүргийн Засаг дарга нь дүүргийнхээ Газрын албаны даргыг томилдог. Гэтэл Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын томилгоог нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун дур мэдэн хийсэн байжээ. Уг нь Э.Болорчулуун дарга үүнийг мэдэхийн дээдэр мэдэх хүн. Тэрээр 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар ажиллахдаа дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдож байсан юм.
Гэтэл 2016 оны Орон нутгийн сонгуулийн дараа дээрх маягаар томилогдсон Д.Бат-Ундрах нь хагас жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албыг ёстой л бужигнуулж өгөөд алга болжээ. Тэрээр Газрын албанаас дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийн ИТХ-д өргөн барьж батлуулах ажлаа хийгээгүй байна. Ингэхээр иргэд л хохирч үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг нөхцөл байдлаас үүдэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд газраа ашиглах, өмчлөх, эрх шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг санаатайгаар доголдуулж байгаа Д.Бат-Ундрахын үйлдлийн талаар өнөөдрийг хүртэл дээд шатны байгууллага нь ямар ч арга хэмжээ аваагүй байна. Зүй нь нь нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өөрийнхөө хууль бусаар томилсон хүний буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, иргэдийн эрх ашгийг дээдлэн, төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй албан тушаалтан юм. Гэтэл 350 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүргийн Газрын албаны асуудлыг шийдвэрлэхгүй, энэ талаар хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байгааг Хотын удирдлагууд болон хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ.
С.Санаа
Эх сурвалж: www.aguulga.mn
Сэтгэгдэл