УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ өнгөрөгч баасан гаригт Улсын Дээд шүүх дээр болсон МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаараа сонгосон шийдвэр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааны талаар сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа "Бадарчин баярлах болоогүй” хэмээв. Тэрбээр "Улсын Дээд шүүхийн шийдвэрийг би бичгээр аваагүй байна. Бичиг баримт ойлгомжгүй байна гэсэн бол би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд халдсан байх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бичгээр шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас нарийн зүйл яримааргүй байна” гэсэн. Үнэндээ шүүх бүрэлдэхүүн завсарлаад эргээд шийдвэр танилцуулах үед нэхэмжлэгч О.Баасанхүү өөрөө танхимд орж ирээгүй билээ. Харин түүний дагуулж ирсэн бүсгүй танхимд байж шүүхийн тогтоолыг чихээр сонсоод гарсан. Түүнийхээ үгэнд итгээгүй О.Баасанхүү албан бичгээр хариу ирэхийг хүлээж, дахин зарга мэдүүлэх гэж "Бадарчин баярлах болоогүй” гээд сууж байна. Түүний нэрлэсэн баярлах гээд байгаа бадарчин нь хэн бэ. Хэний ч танил бус явсан хуульч залууг намынхаа өмнөөс улс төрд хаалгыг нь нээж оруулсан Н.Энхбаяр уу, ивээлээ үзүүлж төрд суулгасан МАХН уу.
Юутай ч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ "Хувь хүний орлогын албан татвар шатлалтай нэмэгдсэнийг эргээд нэг шатлалтай болгох, тэтгэврийн насыг буцааж эрэгтэй 60, эмэгтэй 55-тайдаа тэтгэвэрт гардаг болгох асуудлаар хууль, тогтоолын төсөл өргөн барихаар гарын үсэг цуглуулж байгаа. Нээлттэй хэлэлцүүлэг хийх саналаа УИХ-д танилцуулна. Асуудлыг шийдэхгүй бол жагсаал, цуглаан, өлсгөлөн гээд улс төрийн бүхий л акцыг үзүүлнэ” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, ниргэсэн хойно нь хашгираад эхлэв үү яав.
Н.Саран
24tsag.mn
Сэтгэгдэл