Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөрийн хүрээнд "Монгол Улсын гадаад сурталчилгаа- Орчин үеийн урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг гадаад харилцааны яамны "Зөвшилцөл” танхимд болж өнгөрлөө.
Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, ДБЭТ, УДЭТ, СУИС, Нийслэлийн соёл урлагийн газар зэрэг Төрийн байгууллагаас гадна Монголын урлагийн зөвлөл, "Монголын урчуудын эвлэл”, "Орчин үеийн урлагийг дэмжих холбоо”, "Монголын кино урлагийн зөвлөл” зэрэг ТББ болон MCS групп, "Оюу толгой” ХХК, "Хаан банк”, "Петровис” ХКК, "Содмонгол” ХКК зэрэг бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Тус хэлэлцүүлгийн үеэр Монголын орчин үеийн урлагийн өнөөгийн байдал, уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадвар болон орчин үеийн урлагаар дамжуулан эх орноо гадаадад сурталчлах, монгол хүний үнэ цэнийг өсгөхөд төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар нээлттэй санал солилцохын зэрэгцээ цаашдын зорилго, урлагаар дамжуулан улс орны хөгжилд оруулах хувь нэмэрийн талаар ярилцсан юм. Ийнхүү тухайн хэлэлцүүлгийн хүрээнд өрнөсөн асуудал, зөвлөмж, санал сэтгэмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргэж, шийдвэрлэх зорилттой байгаа гэнэ.
Хувь уран бүтээлчид эх орноо дэлхийд сурталчлах, өөрсдийгөө таниулах хамгийн зөв гарц нь яг юу вэ? Мэдээж үндэсний соёл урлаг. Өнөөдөр материалист зүйлсийг илүүтэй шүтэх болж үзэл сурталжисан энэ нийгэмд урлагийн бүхий л төрлүүд "сэдэв” дууссан гэх шалтгаанаар бусдыг хуулбарлах, шинэ нэр томьёо үүсгэх, ашиг орлоготой киноны дараагийн ангийг бүтээх зэрэгт л хөрөнгө, оюун сэтгэхүйгээ зарж байна гэхэд хилсдэхгүй. Харин гол гарц нь нүүдэлчин түмний ахуй соёлтой нягт холбоотой үндэстний урлаг, ёс заншил, хэл соёлын тухай сэдэвтэй кино, хөгжим, уран зохиол, уран зураг байж болно. Тиймдээ ч тус хэлэлцүүлэгийн нэрийг "Монгол Улсын гадаад сурталчилгаа” хэмээн оноосон нь тун зохимжтой санагдав.
Юуны өмнө "орчин үеийн урлаг” гэж яг юуг хэлээд байгааг тодорхойлох нь зүйтэй. Орчин үеийн урлаг гэхээр контемпорари, пост болон метамодернизмын тухай ярих нь зохисгүй. Учир нь эд урлагийн төрөл болохоос бус орчин үеийн урлагийг бүхэлд нь тодорхойлохгүй. Орчин үеийн урлаг гэдэг бол яг одоо цагт, өнөө үед бүтээгдэж буй бүхий л урлагийг хэлдэг.
Харин бид хааш чиглэж, аль зүг рүү явж байна вэ? Монголын урлаг, соёлын үнэт зүйлсийг дэлхий хэрхэн үнэлж байгаа вэ? Бид өнөөдөр хөгжил, урлагийн үнэлэмжээрээ дэлхийгээс тийм хойно хоцроод үлдчихсэн үү, тэгвэл хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ? Залуу уран бүтээлчдийг дэмжих, Монголын соёл урлагийг дэлхийд таниулахад урлагийн зөвлөл ямар үүрэг гүйцэтгэж байна? зэрэг олон асуултууд эндээс урган гарна.
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ГҮҮР
1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам засгаас урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар үлэмжийн их анхаарал тавьж, ард түмний эрх ашигт нийцсэн агуулгатай, үндэсний хэлбэртэй урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагийн дэвшилт өвөөс бүтээлчээр суралцах зорилтыг тавьснаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудас нээгдсэн гэж үздэг.
Харин өнөөдөр бид дэлхийн дүрслэх урлагийн хөгжлөөс хэдэн зуунаар хоцорсон, модернизм, пост болон метамодернизм, инстолляц, лэнд арт, перфомас, контемпорариг ойлгох түвшний үзэгч үгүйн улмаас нөгөө реалист чиг хандлага, үзэл баримтлалтайгаа зууралдсаар гэх шүүмжлэлийг судлаачдаас нэлээдгүй сонсдог.
Орчин үеийн дүрслэх урлагт концепц ба түүнийг боловсруулах болон бүтээлч судалгааны явц нь нэгдүгээрт тавигддаг гэдгийг куратор, "Хөх нар” төвийн захирал Ё.Далх-Очир онцолж байв. Үнэхээр нь л лэнд арт, перфомас, контемпорари гээд ярьж эхлүүт энэ л хүний нэр хамгийн түрүүнд бодолд орж ирдэг билээ.
Мөнхүү тэрээр "Орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлч судалгаанд арга барил, дүрслэл болон хэрэглэгдэх техник технологид ямар нэг хориг байхгүй. Мөн сэдэв болон агуулгын хувьд өргөн хүрээтэй, бусад шинжлэх ухааны салбаруудыг хамруулан судлахаас гадна, орчин үеийн техник технологийн ололтуудыг маш бүтээлчээр ашигладагт орчин үеийн дүрслэх урлагийн онцлог, давуу тал буй” хэмээсэн юм.
Харин Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа "Венецийн Биенналь”, "Документа” зэрэг олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хэрхэн оролцсон талаар болон цаашдын зорилт хэмээх илтгэл тавьсан нь нэлээдгүй сонирхолтой бөгөөд зөв гарцыг хөндсөн байв.
2017 онд анх удаа Монголын дүрслэх урлагийн төлөөлөгчид Марзан Шаравын бүтээлийг "Венецийн Биенналь” болон "Документа”-д дэлгэсэн бөгөөд мөнхүү уран бүтээлч Ц.Ариунтөгс, Б.Номин нар оролцож байснийг дурдав. Үнэхээр дүрслэх урлаг нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлдэг гэдгийг олон улсын энэхүү томоохон үзэсгэлэнгүүдээс харж болно. Ийнхүү уран бүтээлчид дэлхийн тавцан гарах, эх орноо сурталчлах боломж буй ч санхүүгийн тулгамдсан асуудал цор ганц "хаалт” болоод буйг онцлов. Мөнхүү уран бүтээлчдийн ухамсар, хэлний түвшний асуудал ч яригдав.
Б.Гантуяа "Дүрслэх урлаг нь эдийн засгийн хөгжилд өргөн цар хүрээтэй нөхцөл бий болгодог. Дэлхийн хотуудын томоохон барилга байгууламж, жуулчдыг татдаг онцгой газруудын хийц, загвараас үүнийг харж болно. Бидний цаашдын зорилго, соёл урлагийн салбарын стратегийн чиг зүг, бодлого нь түүхэн үнэт зүйлсээ хадгалах, хамгаалах, эрин цагийн урлагийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй” гэв.
Үндэсний уран зургийн хэв маяг, нүүдэлчин ахуйн, үндэстний оршихуйн үнэт зүйлсээ орчин цагийн урлагийн зарим төрөлтэй хольж шинэ бүтээл үүсгэх нь чухал гэсэн санаа. Түүхэн үнэт зүйлсээ хадгалж, эрин цагийн шинэ урлагийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатайг төр засагт сануулсан эдгээр үгс хоосон бус гэдгийг гадаадын томоохон үзэсгэлэнд эх орныхоо нэрийг дуурсгаж буй зураач, урчууд цаашдаа улам бататгах биз ээ.
НҮҮДЭЛЧДИЙН ХӨГЖИМ
Монголчууд үндэсний хөгжмийн арвин баялаг сан, уламжлалтай ард түмэн гэдгийг уншигчид мэднэ. Энэ дундаас ятга, морин хуур, либэ зэрэг хөгжим дэлхийд хэдийн алдаршиж, танил болсонтой маргах зүйлгүй. Үндэсний хөгжмийн өнгө төрхийг эртний уламжлалаас гадна хотжих, даяарших, үндэсний үзлийн сэргэлт, үе үеийн төрөөс баримталж ирсэн соёлын бодлого хийгээд мэргэжлийн хөгжмийн дэг сургуулиуд бүрдүүлсээр ирсэн байдаг.
Нүүдэлчдийн амьдралд язгуур шинжээрээ зуун дамжин хадгалагдаж ирсэн Монгол ардын дуу, хөгжмийн зэмсгүүд, үлгэр туульс, ерөөл магтаал 20-р зууны эхэн үе буюу Богд хаант Монгол улсын үеээс барууны хөгжмийн зэмсгүүдээр баяжин, 1930-50 аад онд бүүр мэргэжлийн тайзны урлагийн салбар болтлоо хувьсан өөрчлөгдсөнийг бид мэднэ.
Харин өнөөдөр дуурийн дуучдаас авахуулаад, чадварлаг залуус төрөн гарсаар байна. амьд хөгжмийн хамтлаг, дуучид хэдийн дэлхийд танигдаж эхэлснийг хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм. Тэдний төлөөлөл нь залуу уран бүтээлч Магнолиан юм. "Famous men” нэртэй богино хэмжээний цомог нь дотоод гадаадын нэр хүндтэй цахим хуудсуудад өндрөөр үнэлэгдсэн, АНУ-ын nerdist.com-д 7-р сарын Шилдэг цомог-оор нэрлэгдсэн байна. Мөн тэрээр АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдсан "South By Southwest” фестивальд амжилттай оролцсон билээ. Магнолиан буюу Б.Дөлгөөн "Уран бүтээлчид олон улсын фестивалиудад оролцож, туршлага судлах нь чухал. Ингэж чадвал олон улсын зах зээлд гарах нэг алхам болно" гэх санал дэвшүүлснээс гадна "Уран бүтээлч хүн болгон өөрсдөө ухамсартай байх нь зөв. Тийм байж чадвал авьяасаа тордож, өөрийгөө олон талаар хөгжүүлж, хэл сурах нь чухал. "Хэлтэй бол хөлтэй” гэдэг шиг үнэн үг байхгүй. Бидэнд дутагдаж буй зүйл энэ болохоос нэн түрүүнд эрх зүйн орчин, мөнгө санхүү ярих нь чухал биш” хэмээв.
Гол нь дэлхийд монголын хөгжмийн урлагийг сурталчлахын тухайд гарц олон. Учир нь хөгжим, уран зураг зэрэг урлагийн төрлүүдийг харж, сонсох зэрэгээр хүмүүс мэдэрч, ойлгож чаддаг. Тиймээс гадны томоохон хөгжмийн наадам, экпод оролцож өөрсдийгөө сурталчлах нь зөв алхам юм.
Жишээ нь англид төвтэй” WOMAD” /World of Music, Arts and Dance/ наадам европын хотуудад жил бүр болдо. Мөн Германд төвтэй "WOMEX” /World Music Expo/, францын "Midem”, Их Британий "Glastonbury”, Данийн "Roskilde” зэрэг наадмууд хөгжмийн салбарын бизнес хамтын ажиллагааг дэмжих зорилготой байдаг.
2013 онд WOMEX-д л гэхэд дэлхийн 90 улсын 1260 хөгжмийн бизнесийн компани, 2250 төлөөлөгч, 800 тоглолт зохион байгуулагчид, 560 дуу бичлэг нийтлэгчид 680 560 менежер, 250 продюсерууд цугларч, үзэсгэлэн худалдааны хэсэгт нь 50 улсын 250 павилион өөрсдийн уран бүтээлээ сурталчлан ажиллаж, 7 тайзнаа 300 уран бүтээлчдийн 60 тоглолт болсон байдаг. Өдгөө энэ тоо асар их болж нэмэгдсэн.
Иймэрхүү арга хэмжээнд Монголын уран бүтээлчид оролцох нь дэлхийн зах зээлд гарах гарцыг нээж өгнө. Гэхдээ тус наадмын шалгуурыг давж уригдан тоглоно гэдэг нилээд том босгыг давах асуудал юм. Гэвч "South By Southwest” фестивальд дуучин Б.Дөлгөөн оролцсон нь боломж бийг батлан харуулж байна.
Мөнхүү "WOMEX”, "WOMAD” наадамд Монголын туургатны хөгжмийн соёлыг сурталчилж МУ-ын "Эгшиглэн", "Бөртэ", Тува улсын "Хуун Хуур Ту" хамтлагууд, панкрок "Ятга" хамтлаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны панк рок- Хангай, метал рок Есөн эрдэнэ, гранж рок "Tulegur gangzi” зэрэг уран бүтээлчид оролцсноороо аялан тоглолтоо тогтмол хийж олон улсад нэрд гарч буйг уншигчид мэднэ.
Шалтгаан нь томоохон наадмуудад оролцож Европын орнуудад байгаа хөгжмийн агентлагт, бичлэгийн лебел, хөгжмийн бизнесийн компаниудтай гэрээ байгуулсанд оршиж байна. Өвөр Монголын хамтлаг, дуучид голдуу монгол ардын дууг шинээр найруулан дуулж, монгол хүний хоолойн чадал, ардын дуу дуулах донж маяг, монгол дууны зөөлөн уянгыг улам тодотгон олон улсад танигдаж байгаа юм.
Бид нүүдэлчдийн хөгжмийн соёлыг өвөрмөц арга барилаар илэрхийлсэн бүтээлүүдийг дэлхийн тайзан дээрээ дуулах хэрэгтэй. Ингэж байж л эх орноо гадаадад сурталчилж, өөртөө боломж нээж өгнө. Уран бүтээлч Н.Сайнхүү, Цахар Тугчийн Урна, болон Yom & Wang Li, гранж рок - Tulegur Gangzi нар нүүдэлчдийн хөгжмийн соёлыг өвөрмөц арга барилаар харуулснаар л олон улсын хөгжмийн компаниудад танигдаж, сонсогчдын зүрх сэтгэлийг татаж чадсан билээ.
УРАН ЗОХИОЛЫН ШИНЭ ЗАМ
"Тагтаа паблишинг” компанийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа нар гадаадын томоохон хэвлэлийн газруудтай харилцан шинэ соргог, алдартай бүтээлүүдийн зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй, хууль ёсны дагуу орчуулан гаргаж, уншигчдад томоохон бэлэг барьж буй. Өдгөө "Тагтаа” гэсэн лого бүхий номыг гэрийнхээ номын санд тавиагүй бол тулхтай, сайн уншигч гэж хэлэхэд хэцүү санагдана.
Ийнхүү Монголын утга зохиол, яруу найргийн салбараас гадаад улсад хэвлэгдэн, амжилттай яваа бүтээлүүдийг Тагтаа паблишинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан танилцуулав.
Ч.Галсан гуай 1982 оноос хойш 16 номоо Герман хэлээр орчуулан хэвлүүлсэн бөгөөд олон алдартай шагналыг хүртсэн байна. Үүн дотор Герман хэлтний утга зохиолын хамгийн том шагнал ч багтана.
Мөнхүү зохиолч, соён гэгээрүүлэгч, МУСГЗ Г.Аюурзаны "Бөөгийн домог” роман орос, солонгос, франц хэлнээ хэвлэгдсэн бол "Цасны роман” тууж нь Японы сонин, сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн байна. Л.Өлзийтөгсийн "Аквариум” өгүүллэгийн түүвэр нь франц хэлнээ, "Ганцаардлын дасгалууд” яруу найргийн түүвэр нь хятад хэлээр гарсан бөгөөд зохиолч Д.Энхболдын "Паанан” тууж Герман хэлт уншигчдад хүрсэн юм. Үүнээс гадна яруу найрагч Д.Урианхай энэ онд гэхэд "Азийн тэргүүн” найрагч болж, Нобелийн шагналд нэр дэвшээд буй юм.
Орчуулагч Б.Баясгалан үндэсний уран зохиолоо гадаад улсад түгээн сурталчлахад улсын бодлого зайлшгүй шаардлагатай бөгөөд орчуулгад хувь хүн бус редакци ажилладаг байх хэрэгтэй. Хэвлэлийн нэгдсэн агентлагтай болох, Хэвлэлийн олон улсын байгууллагуудад нэгдэн гишүүнээр элсэх гэх мэт ажил хийх хэрэгтэй байна. Манайд утга зохиолын ажилтан гэсэн мэргэжлээр хэдхэн их дээд сургуулиуд мэргэжилтэн бэлтгэдэг боловч зохиолчоор суралцуулдаг анги, танхим алга байна. Горький шиг бодлогоор зохиолч бэлтгэдэг, үндэсний соёлоо дэлхийд таниулж үгийн мастерууд хэрэгтэйг онцлон дурдлаа.
Мөн тэрээр "Манай зохиолчид хэн нэгнээр номоо гадаад хэл рүү орчуулуулж, өөрөө хэвлээд л зохиол бүтээл нь гадаад хэлнээ орчуулагдсан гэж ярьдаг. Гэтэл зах зээлийн механизмаараа бол хэвлэлийн компаниуд нь өөрсдөө хэвлэх зохиолоо сонгож, хэвлээд менежментийг нь хийж зах зээлд таниулдаг. Энэ дунд уран зохиолын мэргэжлийн сэтгүүлүүд зохиолч хэвлэгч хоёрыг холбож оршдог. Тэгэхээр юун түрүүнд тэр сэтгүүлүүдэд тоогдох нь чухал” гэв.
Тэгж байж л бидэнд уран зохиолын шинэ зам нээгдэнэ. Хүн төрөлхтний урлагийн бүхий л нууцсын агуулж байдаг, улс үндэстэн оршихуйн дархлаа, хэл соёлыг түгээн дэлгэрүүлэгч нь "уран зохиол” гэдгийг бид мэднэ.
КИНО УРЛАГИЙН ГЭГЭЭ
Монголын кино урлагаас Д.Төрмөх, П.Бросенс нарын найруулсан 1998 оны "Нохойн орон” баримтат кино Венец болон Торонтогийн кино наадамд өрсөлдөж, Швейцарийн "Visions du Rйel” хэмээх нэр хүндтэй баримтат кино наадмын дээд шагналыг хүртэж байсан бол Ж.Бямбаа найруулагчийн "Алсын удирдлага” кино Бусаны кино наадмаас дээд шагнал авсан юм. Басхүү өнгөрсөн онд бүтээгдсэн Д.Золбаярын "Чингисийн хүүхдүүд” кино олон фестивальд уригдаж, нэр хүндтэй шагналуудын эзэн болохоос гадна "Оскарын гадаад хэл дээрх кино” төрөлд нэр дэвшсэн. Тэгэхээр манайд гарц бий.
Энэ тухай кино судлаач, продюсер Б.Түмэн-Өлзий, орчуулагч, "Алтан хальс” холбооны гишүүн Ж.Тэгшзаяа нар онцолж байв.
Кино хэмээх урлагийг капиталист оронд "бизнесийн хэрэгсэл” гэж харж байсан бол социалист оронд "үзэл суртлаа түгээн дэлгэрүүлэх зэвсэг” хэмээн ач холбогдлыг нь онцгойлон үнэлж байв. Тэр л жишгээр манай улсад кино үйлдвэр байгуулагдаж, хоёр улсын гэрээгээр кино мэргэжилтнүүдийг хөрш ЗХУ-д сургаж бэлтгэх зэргээр кино үйлдвэрлэж байсан.
Кино судлаач, орчуулагч Ж.Тэгшзаяа "Кино урлаг маш өргөн, олон талын боломжийг олгодог урлаг. Түүнийг нь ч дэлхийн улс орнууд харж, сайн ашиглаж чаддаг. Харин манай улсын хувьд энэ боломжийг хэрхэн ашиглаж байна вэ, хэрхэн ашиглах вэ гэдэг нь энэ цаг үед тулгамдаж буй асуудал. Мэдээж кино бүтээгч, үзэгч гээд хэн хүнгүй л монгол кино гадаадын зах зээлд цахиур хагалж, ашиг орлого хүүдийлж, нэр хүндтэй наадмуудын шагналыг хамж монголын кино урлаг дэлхийд цоллуулах өдрийг мөрөөддөг байх. Гэвч кино түүхийн 120 жилийн хугацаанд тасралтгүй нэг л жимээрээ урагшилсаар нүсэр бүтэц, тогтолцоо, соёлыг бий болгосон хөгжингүй улс гүрнүүдтэй бид өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал” хэмээсэн юм.
Тиймээс бид эхлээд кино урлагийн сайн судлаач, найруулагч, зохиолчдыг бэлтгэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр СУИС –ийн Театрын урлагийн сургуульд "кино жүжгийн зохиолч” мэргэжлээр оюутан сургадаг бөгөөд бусад их дээд сургуулиудад зүгээр л "жүжигчид” бэлтгэдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.
Харин "Улаабаатар”, "Алтан хальс” зэрэг кино наадмууд зохион байгуулагдаж, хямд үнээр шилдэг кинонуудыг уран бүтээлчдэд үзүүлж буй нь олзуурхууштай. Тэндээс шинэ сайн уран бүтээлчид төрөн гарч, энэ урлагийг цаашид хөгжүүлэхэд чин сэтгэлээ зориулж, өөрсдийн хэмжээнд бүтээн туурвиж байдаг. Үүнийг л төр засагаас дэмжих соёлын дипломат бодлого, эрх зүйн орчин хэрэгтэй.
"Дэлхийн кино урлаг сэдвийн хомсдолд орсон. Тиймдээ ч, нэг бол хүний ой ухаанд багтамгүй хачин жигтэйг ургуулан бодох, нөгөө бол өнгөрсөн түүх рүүгээ явахаас өөр сонголтгүй шахам болж байна. Энэ "гацаа”-г гаргахад Монголын түүх соёл, монголчуудын амьдралын хэв маягийг дагасан сэдвүүд үүнийг баяжуулах боломжтой” хэмээн "Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Ано хэлжээ.
Тэрхүү "гацаа”-г арилгах уран бүтээлчид "Алтан хальс” холбооны уран бүтээлчдээс төрөн гарах магадлал их санагддаг. Ямартаа ч өнөөдөр манайд болж буй энэхүү хоёр том кино наадмаас үзэхэд Монголын кино урлагт "гэгээ” татаж харагддаг билээ.
ӨГҮҮЛСЭН ЗҮЙЛСИЙН ҮНЭ ЦЭНЭ
Кино, хөгжим, дүрслэх урлаг, уран зохиол зэрэг эдгээр урлагийн үнэ цэнэ нь яг юу вэ? Бүтээлч хүн өөрийгөө зугаацуулахын тулд эсвэл алдар нэрийг хүсч бүтээн туурвидаг зүйл үү? Мэдээж энэ бүхнийг олон талаас нь харж болно. Америкийн соёл урлагийн салбар нийт 730 тэрбум ам. доллар буюу Америкийн ДНБ-ний 4.2 хувийг бүрдүүлдэг байна. Энэ бол зам тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараас давсан үзүүлэлт билээ.
Улс гүрний хөгжил нь урлагтай салшгүй холбоотой байдаг. Дүрслэх урлагийн онцгой суутнууд, архитектурчид үгүйсэн бол хэдэн зуун сая хүн Луврын музейг зорьж, "год” маягийн хийцтэй гудамжуудаар зугаалах гэж Парисыг зорьж очихгүй байв. Цэнхэр далайн сувд гэгдэх Дубай хот ч тийм гайхалтайгаар сүндэрлэн босохгүй байлаа. Тиймээс урлаг нийгмийг эрүүлжүүлж, улс гүрнийг хөгжилд хөтөлдөг байх нь.
Бидний нас хэмжээтэй. Харин урлаг үүрд мөнх оршдог. Тиймээс л уран бүтээлчдээ дэмжих зөв тогтолцоог бий болгох, бүтээлчид нь үүргээ ухамсарлах нь хамгийн чухал шүү дээ.
Тоймч: Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл