УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Эрдэнэс таван толгой компанийг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлал, УИХ, УИХ-ын гишүүдийн ёс зүй болоод бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Д.Эрдэнэбат:Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний асуудлыг шийдэх ёстой
Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монгол төрийн нэр хүндийг унагаж байгаа байдал даамжирч байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Энэ тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэж шийдэх нь зүйтэй. МАН-ын нөхдүүдийн тайлбараар "хуулийн мухардалд орлоо" гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад "хуулийн мухардал" гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29. 3 зааснаар "хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой" гэсэн байдаг. Үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэх тухай өргөдлөө гаргасан нөхцөлд УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ энэ асуудлыг цаашдаа шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд болоод төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах болно. Тиймээс МАН-ынхан хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй” хэмээн бүлгийн гишүүд үзэж буйг онцоллоо.
З.Нарантуяа: "Эрдэнэс таван толгой" ХК-аас иргэд ногдол ашиг авах эрхийг баталгаажуулж өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх, иргэдээ өрийн дарамтаас чөлөөлөх тухай Ерөнхийлөгч яригдаж байсан юм. Тэгвэл энэ асуудал ажил хэргийн төвшинд нэлээд урагшилж байгаа юм байна. Учир нь Ерөнхийлөгч УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр өнгөрсөн хугацаанд ажиллажээ. Тус төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр бүлгийн гишүүдэд урьдчилсан байдлаар хийв. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж, Ерөнхийлөгч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулах нь зөв гэж үзлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь "Эрдэнэс таван толгой" ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хирнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулчихдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийчихдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод явж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтууд шинэчилж хуулийг батлахаар шийдсэн болохоо тодотгов. Хууль батлагдсанаар маш олон давуу талууд бий болно гэдгийг танилцуулгад дурдсан. Тухайлбал, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцаа 100 хувь иргэдэд эзэмшүүлэх болно. Иргэдэд шилжсэнээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс нийт иргэд компанийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сайн ажиллана. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг авахгүй. Гэхдээ тухай компанийн хувь нийлүүлэгчид болон ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас улс орны эрх ашигт харш шийдвэр гаргавал хориг тавих эрхтэй үлдэх юм. Түүнчлэн энэ компаниас төлж байгаа ирээдүйн өв санд зэрэг татвар хураамж буурахгүй хэвээрээ байна. Харин ил тод нээлттэй засаглалтай болсноор борлуулалтын орлого нэмэгдэх болно. Тиймээс энэ компани тун удахгүй нээлттэй зах зээл дээр гарах бэлтгэл сайн хангагдана гэж бодож байгаа. Дагалдаж хэд хэдэн хууль гарна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн өрийг төлөөд өнөөдөр ирээдүйн өв сан хоосон байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгох, Компанийн тухай хуультай нийцүүлсэн заалтууд зэрэг байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-"Эрдэнэс таван толгой" ХК-ийн 86 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ хэрхэн эзэмшүүлэх зэрэг нарийвчилсан зүйлийг төсөлдөө тусгах уу?
-Төсөлд нарийвчилсан зүйл тусгагдсан. Хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын тогтоол гарна. Тэр тогтоол; иргэдэд 86 хувийг шилжүүлэх бүртгэлийг хэрхэн хийх зэргийг батлах юм.
-Иргэдэд тус компанийг 100 хувь эзэмшүүллээ гэхэд тодорхой хориг заалтууд байхгүй бол магадгүй иргэд бэлэн мөнгөний төлөө хувьцаагаа гадаадын иргэдэд худалдах зэрэг эрсдэл гарчих вий гэсэн болгоомжлол байна?
-Хуульд "тодорхой нөхцөл бүрдэж хувьцаагаа нээлттэй зах зээл дээр арилжиж эхлэх хүртэлх хугацаанд иргэд хувьцаагаа бэлэглэхгүй, зарахгүй" гэсэн хориглосон заалтууд байгаа.
-86 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр нэг иргэн хэд орчим хувьцаа эзэмших үү. Ногдол ашиг нь хэдэн төгрөг байх бол. Ер нь олон улсад нийтийн компани болгож байсан жишиг байдаг юм болов уу?
-Хувьцааны нэрлэсэн үнэ 933 байгаа. Энэ үнийг доошоо болгохгүй байхын тулд тус компанийг нийтийн компани болгох бэлтгэлийг маш сайн хангаж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Хэрвээ компани өөрөө үнэ цэнэтэй байвал хувьцааны үнэ буухгүй. Бусад оронд нийтийн өмчлөлийн компанийн хэлбэр байна. Нийт иргэддээ хөрөнгийн биржээр дамжуулаад бүх хувьцаагаа эзэмшүүлдэг 100 хувь нийтийн өмчлөлийн болсон компани байдаг.
-"Эрдэнэс таван толгой" компани ямар ч гадаадын зээл, өргүй гэсэн ойлголттой байгаа. Хэрвээ энэ хууль батлагдчихвал иргэд шууд ногдол ашиг хүртээд явах боломж бүрдэх болно гэж ойлгож болох уу?
-Тэгэж ойлгож болно. Тухайлбал, тус компани энэ жил 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 86 хувь нь ногдож байгаа төр өөрийнхөө ногдол ашгийг зарцуулчихсан. Харин иргэд авч чадахгүй байгаа. Тиймээс энэ хуулийн гол амин сүнс нь иргэдэд ногдол ашгаа авах эрхийг баталгаажуулж өгөх юм.
Сэтгэгдэл