УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг "60 тэрбум"-ын бичлэгтэй холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдтөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг "60 тэрбум"-ын хэрэг гэгч нь зохиомол зүйл гэсэн тайлбарыг хийсэн юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т албан бичиг хүргүүлж, "УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Б.Гүнбилэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "60 тэрбумын хэргийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар ч мэдээлэлгүй байна" гэсэн албан ёсны мэдээллийг хийсэн. Гэмт хэргийн шинжийн талаар хуульчилсан бөгөөд аль шинж нь байхгүй болохыг тогтоосон талаар ард иргэд болон УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл мэдээлэлгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд "60 тэрбумын" гэх хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албан ёсны мэдээлэл авахыг хүсч байна" гэв. Сонирхолтой нь Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдын дэмжигчдийн нэг, сонгуулийн штаб дахь цахим сурталчилгааны багийн ахлагч, сонгуулийн мэтгэлцээнийг уриалсан санаачлагчийн ахлагчаар тус тус ажиллаж байсан юм. Тухайн үед "60 тэрбум"-ын бичлэг гэгчтэй холбоотой нөхцөл байдал яг одоогийнхонтой адил байсан бөгөөд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар ганц ч үг дуугарч байгаагүй билээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд дэмжиж байсан даргаа унамагц "өшиглөж" буй анхны тохиолдол энэ биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар МАН( МАХН)-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжиж, залуучуудад чиглэсэн "Number One" гэх хөдөлгөөнийг удирдаж байв. Гэхдээ Н.Энхбаярыг ялагдмагц түүнээс буруулж, яг жилийн дараа Ж.Мөнхбат, Б.Цогтгэрэл нарын хамт "Н.Энхбаярыг намаасаа шүүрдэхийг уриалсан" жагсаалыг удирдсан юм. Өөрөөр хэлбэл дэмжиж байсан даргаа ялагдмагц "өшиглөдөг" нь Л.Оюун-Эрдэнийн зуршил мэт болжээ.
Сэтгэгдэл