Сонгинохайрхан
дүүргийн XXIV хороо, Баруун салааны нутаг дэвсгэр Хустай орчмын айлууд
холоос утас татаж цахилгаанд залгасан тухай өмнө нь мэдээлж байсан.
Машин замыг, айлын хашааг, жалга, судгийг ч хөндлөн татсан, салаалсан
урт утаснууд дундаа тасарсан, утас нь шалбарч цахилгаан гүйдэлд цохиулах
өндөр эрсдэлтэй харагддаг. Томчуудаас илүү тоглож наадах багачуулд
аюултай орчин тэнд үүсээд байгаа.
Тун
саяхан /2018.06.25/ Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 дүгээр хорооллын 7
дугаар байрны орчимд цахилгааны утсанд цохиулж бага насны хүүхэд амь
насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Албан дүгнэлт гараагүй байгаа
боловч тус хороололд байрлах эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон
байсан, цахилгааны богино холбоо үүссэн ил задгай утсанд хүүхэд хүрч,
цахилгаанд цохиулан амь насаа алдсан.
Баруунсалаанд хичнээн ч хүүхдийн амь насыг авч одож мэдэхээр цахилгааны утаснууд олны хөлийн газар олон байна.
Хустайн
орчимд 350-400 орчим айл гэрэл цахилгаангүй байгаа. Тиймээс багадаа
50-500 метр холоос утас татаж айлаас цахилгаанаа авч байгааг тус хорооны
хэсгийн ахлагч хэлсэн. Өнгөрсөн жилээс эл газар нутагт цахилгаан эрчим
хүчний шон босгож эхэлснээр нэлээдгүй айл албан ёсны цахилгаантай болсон
байна. Гэвч хулгайгаар утас татаж, айлаас айл дамжуулан цахилгаанд
залгасан өрхүүд байсаар л байгаа аж.
"УБЦТС”
ХХК-иас сар бүр зохион байгуулалттай ажлын хэсэг байгуулж Баруунсалаанд
очиж, "хулгайгаар” цахилгааны утас татсан айлуудын тогыг тасалдаг
байна. Гэвч тасалчихаад явангуут эргээд л айлууд нэг нэгнээсээ
дамжуулаад урт урт утас татаад цахилгаанд залгачихдаг, тэгээд утсаа
булчихдаг аж. Зарим нь үерийн амаар дамжуулаад аль болох хүний хөл
хүрэхгүй газраар утсаа явуулчихдаг. Энэ нь эргээд харин ч аюултай нөхцөл
байдал үүсгээд байгааг "УБЦТС” ХХК-ийн мэргэжилтэн хэлсэн. Холоос
татсан цахилгааны утаснууд хоорондоо нийлж, шатсан, богино холбоо
үүссэн, тухайн утсан дээр гишгэхэд тог цохих энүүхэнд.. Ниргэсэн хойно
нь хашхирав гэгчээр нэг л өдөр гай зовлон тохиолдохыг үгүйсгэж болохгүйг
тогонд цохиулж нас барсан 11 настай хүүхдийн амь харуулаад байна.
Манайхан
өөрсдөө хэнэггүй дээр нь хариуцлагагүй. Тэгсэн хэр нь хэрэг, явдал
болсны дараа Төрийг, ажлаа хийж чадаагүй гэж албан хаагчдыг буруутгах нь
олонтаа. Гэвч зарим тохиолдолд ард иргэд ухамсартай байж, аюул ослоос
урьдчилан сэргийлмээр байгаа юм.
Улаанбаатар
хотын гэр хорооллын айл өрхүүд, цахилгаан эрчим хүчээ сайжруулах болон
эрчим хүчинд шинээр холбогдохын тулд хоёр, гурван шат дараалалтай ажил
хийх ёстой юм байна. Эхлээд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК
болон тухайн дүүрэгтээ, эсвэл Нийслэлийн захирагчийн албанд өргөдөл
гаргана. Өргөдөл гаргаж буй айл өрх, албан ёсны зөвшөөрөлтэй, байнгын
суурьшмал хаягтай байх ёстой юм. Үерийн далан дээр ч юм уу, зөвшөөрөлгүй
газар буусан өрхөд дан ганц цахилгаан хангамж ч биш, инженерийн хангамж
үйлчилгээ үзүүлэх нь хуулиар хориотой байдаг.
Тиймээс
цахилгаан холбуулахын тулд иргэн эхлээд хүсэлтээ өгөөд, газраа
шалгуулна. Хүсэлтийн дагуу тухайн дүүрэг хорооны төлөөлөл, Нийслэлийн
захирагчийн ажлын алба, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн
төлөөлөл газар дээр нь очиж шалгаад, цахилгаанаар хангах боломжтой
эсэхийг газар дээр нь шийдвэрлэдэг аж.
Г.Сүрэн
Эх сурвалж: http://www.shuud.mn/a/498495