Дорноговь аймгийн Замын-Үүд суманд
өнгөрсөн гуравдугаар сард зочид буудалд ой найман сартай хүү
хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан талаар улс орон даяар шуугиж,
хүүхдээ хүчирхийллийн эсрэг золиос болчих вий гэж айж эмээсэн монголчууд
дуу хоолойгоо нэгтгэж, Сүхбаатарын талбайд нэг өдөр жагсаал зохион
байгуулсан билээ.
Төрийн
өндөрлөгүүдэд "Хүчирхийллийн хуулийг чангалаад өгөөч” гэж бичиг цаас
хүргүүлсэн ч тодорхой шийдэлд хүрсэн зүйлгүй өнөөдрийг хүрэв. Түүнээс
хойш хэдэн хүүхэд, хэдэн эмэгтэй, хэдэн эрэгтэй хүчирхийлэлд өртөж
хохирсныг бид мэдэхгүй. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг
өдөр алгасалгүй хэд хэдээрээ бүртгэгдсээр байна.
Хүчирхийлэл
гэх аймшигт хэрэг улам бүр зэрлэгшиж, улам бүр байж боломгүй санаа
сэдэлтэй болсоор байгаа нь айдас төрүүлнэ. Эмэгтэйчүүд, хүүхдүүд л
хүчирхийлэлд өртөөд байна, эрчүүд л хүчирхийлэгчид гэсэн бидний ойлголт
хуучирч буй бололтой.
Учир юу гэвэл
нас биед хүрсэн эрчүүд ч хүчирхийлэлд өртөх болсон харамсалтай ч гэмээр,
гайхаш барам хэрэг өнгөрсөн сарын 21-нд нийслэлд гарчээ. Тодруулбал,
тэр өдөр Баянгол дүүргийн … дугаар хороонд байрлах "Д” гэх зочид буудалд
хэсэг залуус архидан согтуурч, улмаар нэгнээ нийлж хүчирхийлсэн
жигшүүрт хэрэг гарсан байна. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, 31
настай В гэгч залуу бусадтайгаа бүлэглэн, 20 настай А гэх залууг
хүчирхийлсэн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж буй ажээ.
Эрчүүд
эрчүүдээ хүчирхийлдэг болсон энэ нийгэмд бид юунд, хэнд итгэж амьдрах
вэ. Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар аливаа гэмт хэргийн 80-90
хувь нь согтуугаар үйлдэгддэг байна. Тодруулбал, хүний амь насыг
хохироох, золгүй байдлаар амиа алдах, бусдын бие махбодид гэмтэл
учруулах, хүчин, хулгай, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн гол шалтгаан
нь архи болоод байгааг цаг үргэлж анхааруулсаар буй. Гэвч монголчууд
архиндаа хяналт тавьж чадахгүй байгаа нь эдгээр гэмт хэргүүд үйлдэгдэн,
цаг хугацаа, нийгмээ дагаад арга нь улам нарийсч, зэрлэгшиж байгаа нь
харамсалтай.
http://amjilt.news/19937