2021-2022 оны хичээлийн жилийн эхний улирал "өндөрлөх” дөхөв. Хоёр жил орчим зайнаас хичээллэсэн оюутан, сурагчид энэ хичээлийн улиралд цахим, танхим хосолсон хэлбэрээр суралцсан юм. Харин 4-5 настай цэцэрлэгийн багачууд 100 хувь танхимаар хичээллээ. Оюутнуудын хувьд лекц цахимаар, семинар танхимаар орсон.
"Энэ сарын 10-наас сургууль, цэцэрлэг цахимд шилжинэ”
Тав хоног танхимаар, ес хоног цахимаар хичээллэж буй ЕБС-ийн сурагчид хуваарь ёсоор 12 дугаар сарын 21-нээс амрах учиртай. Харин их, дээд сургуулийн оюутнуудын шалгалт энэ сарын сүүлээр шувтарч, амралт нь ирэх сарын эхээр эхлэх хуваарьтай байв. Цэцэрлэгийн хувьд улирлын амралт гэж байдаггүй. Гэтэл энэ сарын 10-наас их, дээд сургуулиуд амарч, ЕБС-ийн сурагчдын танхимын сургалтыг цахимд шилжүүлэхээр болжээ. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийг ч цахимаар сургаж болзошгүй талаар БШУЯ-наас мэдээлсэн юм.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "12 дугаар сарын 18-наас ЕБС-ийн сурагчдын амралт эхэлнэ. Сурагчдыг ирэх долоо хоногт танхимаар, үлдсэн долоо хоног нь цахимаар хичээллээд амраах шийдвэр гаргалаа. Амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Харин оюутнуудын хичээлийг 12 дугаар сарын 10 хүртэл танхимаар оруулаад амраана. Үүнээс хойших зарим шалгалтыг цахимаар авах шийдвэр гаргасан. Зайлшгүй танхимаар авах шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сард буюу хичээл цуглахаар авна. Цэцэрлэгийн хувьд, улирлын амралт гэж байдаггүй. Гэхдээ Ковид19-ийн нөхцөл байдлаас хамаарч 12 дугаар сарын 10-наас хойш нэг сарын хугацаанд цахим горимд шилжүүлж болзошгүй гэсэн хувилбар яригдаж байна. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гарагт гаргана" гэлээ.
Ийнхүү хүүхэд, багачууд дахиад л хөлөө хориулж, хүмүүжиж, хөгжих эрхээ "дөнгөлүүлэхэд” хүрэв. Хичээлийн улирал хаагдахтай зэрэгцэн сурлагын дүнгээ гаргаж, тэтгэлэг, тэтгэмж хөөцөлдөх зорилготой хүүхдүүдийн эрх ашгийг хязгаарлаж байна.
Сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх "талаар болов”
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийг 11 дүгээр сард Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан юм.
Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаяр "Яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулаад сургуулиудыг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг судлуулах ажлын хэсэг байгуулсан. 11 сарын 1-ээс соёл, спортын үйл ажиллагааг заалны 50 хувийн дүүргэлттэй явуулна гээд жаахан зөөлрүүлчихлээ. Тиймээс үүнтэй уялдуулаад танхимын сургалтын цагаа нэмэгдүүлье гэж байгаа. 5:9 зарчмаар хичээллэхээр багш нарын ачаалал нэмэгдэж байгаа учир аль болох танхимын сургалтыг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай байгаа” гэж байсан юм.
Гэтэл сурагчдыг 100 хувь тахимаар хичээллүүлэх асуудал талаар болоод зогсохгүй хүүхдүүд хичээлийн улирлаа дуустал танхимд хичээл үзэж ч чадсангүй. Бүр улирлын шалгалтын долоо хоногтоо цахимаар хичээллэх боллоо. Цахимаар хичээллэх үед багш нар хичээл ордоггүй, хичээл үр дүнтэй байдаггүй талаар сурагчид болон эцэг эхчүүд хэлж байсан юм.
10 дугаар ангийн сурагч Л.Өлзий-Орших "Зарим багш нар цахим долоо хоногт хичээл орохгүй байх тохиолдол элбэг. Бие дааж хичээлээ давт гэдэг. Үзсэн хичээлээ өөрсдөө бататгаж болох ч шинэ хичээл өөрсдөө судалж, сурах боломжгүй” гэсэн юм.
Ажлын хэсэг гаргасан ч ажил болж хэрэгжээгүй тохиолдол үүгээр зогсохгүй. Хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг үнэлнэ гэж БШУЯ-наас мэдээлсэн. Улмаар энэ төрлийн судалгааг улсын хэмжээнд 646 сургууль дээр зохион байгуулах ба давхардсан тоогоор 29,716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байгаа талаар мөн онцолсон. Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ гэж байв. Гэвч судалгааныхаа үр дүнг ч нэгтгэж амжилгүй хичээлийн нэгдүгээр улирал дууслаа.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээний үр дүнгийн талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Хоцрогдол үнэлэх шалгалтыг улсын хэмжээнд авч дууссан. Одоогоор нэгтгэж, боловсруулж байна. Үр дүнг нь ирэх долоо хоногт танилцуулна” гэсэн юм.
232,000 хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх үү?
Халдварын нөхцөл байдлын улмаас энэ хичээлийн жил 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй. Харин 4-5 насны 232,000 хүүхэд цэцэрлэгт явж буй. Тэгвэл эдгээр хүүхэд энэ сарын 10-наас гэрээсээ хичээллэж мэдэх нь. Учир нь цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэх талаар хэлэлцэж байгаа гэж салбарын сайд нь мэдээлсэн юм. Ийнхүү 4-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн "толгойн өвчин дахин сэдэрч, алба нь завсарласан" хүүхдээ хахир өвлийн хүйтэнд хэнд, хэрхэн үлдээгээд ажиллах вэ гэх сэтгэлийн зовуурь бий боллоо. Түүнчлэн хувийн цэцэрлэгүүд сурагчдын төлбөрийг буцаах дээрээ тулж, дахиад л хаалгаа барихад хүрлээ.
Энэ талаар нэгэн хувийн цэцэрлэгийн эрхлэгч мэдээлэл өглөө. Тэрээр "Манайх 2018 онд цэцэрлэгийн барилгаа эхлүүлээд, 2019 оны намраас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч ажиллаад нэг сар л болж байтал хөл хорио тогтоосон. Ийнхүү хоёр жил орчим хаалгаа барьсан юм. Ашгүй энэ намраас хичээл орж, ажил жигдэрч байтал дахиад л хөл хорио яригдаад эхэллээ. Үнэхээр цөхөрч байна. Манай цэцэрлэг төлбөрөө гурван сараар нь авдаг. Хүнс, бараа хомсдож байгаа болохоор төлбөрөө аваад, хүнсний бүтээгдэхүүнээ аваад нөөцөлсөн. Гэтэл энэ сарын 10-наас цахимд шилжүүлнэ гэх юм. Хамаг хүнс муудаж таарна. Эцэг эхчүүд өчигдрөөс эхлээд л төлбөрөө авахаар утасдаж эхэлсэн. Аргагүй шүү дээ. Хичээллэж болохгүй гэх шийдвэр гарчихаад байхад нэхэж л таарна. Халдварын дэглэмээ чанд мөрдөөд байхад асуудал алга. Тийм байхад ингэж хааж, хорьж байгааг үнэхээр ойлгохгүй байна” гэсэн юм.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч мэдээлэл өглөө. Тэрээр "Би хоёр хүүхэдтэй. Бага хүү маань дөрвөн настай. Том нь зургадугаар анги. Цэцэрлэгийг цахим сургалтад шилжүүлнэ гэх мэдээллийг хараад үнэхээр цухал хөдөллөө. Ийм насны хүүхдүүд яаж цахимаар хичээл үзэх юм. Бага насны хүүхдүүд цэцэрлэгт явахгүй болчихоор эцэг, эхчүүд яаж тайван ажиллах юм. Хүүхдээр хүүхдээ харуулаад, цоожтой хаалганы цаана үлдээнэ. Хэзээ, хэрхэн бол гэж сэтгэл түгшээж тайван байх ямар ч боломжгүй. Нэг нь хүүхдээ хараад, нөгөө нь ажиллана гэхээр өрнөөс өрний хооронд амьдарч байгаа залуусын амьдрал хүндэрнэ. Яагаад иргэдийнхээ аж амьдралыг бодсон шийдвэр гаргаж болдоггүй юм гэж гайхаж байна” гэлээ.
Сар хүрэхгүй хугацааны өмнө л танхимын сургалтын 100 хувь болгоно, 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэж байсан ч гэнэт бүх шатныг сургалтыг хязгаарлах болов. Үүнд эгдүүцэж буй нэг хэсэг байхад Ковид19 халдварын шинэ хувилбар дотоодод бүртгэгдсэн үү гэж эргэлзэж буй нь ч нэжгээд байлаа. Ямартай ч нийгмийн "зүрх" болсон чухал салбар урт хугацааны төлөвлөгөөгүй ажиллаж байгаа нь дээрх шийдвэрээс харагдав.
Эх сурвалж: eagle.mn