МАХН аас Баянсэлэнгийг БХБЯ ны сайдаар томилогдсонд эгдүүцэж, жишиж, гайхаж байсан олон хүмүүсийн бухимдлыг АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг жинд өнөөдөр барилдаж "дэлхийн хошой аварга" болсон Батцэцэг тайвшруулав даа. Чехийн алдарт зохиолч Я.Хашекийн "Эрэлхэг цэрэг Швейк" зохиолд өгүүлдэгчлэн "Амьдралд дандаа муу зүйл тохиолдоод байдаггүй, заримдаа сайн зүйлс тохиолддог" гэсэн ёгт хэллэгийн бодит жишээ гэлтэй.
Монгол дахь улстөрөөс үүдэлтэй олон нийтийн бухимдлын дараа спортынхон дэлхийн хэмжээнд амжилт үзүүлж тайвшруулаад байдаг нь тохиолдол биш байхаа. Яагаав! Tэр жилийн 7 сарын 1 нд бөөн үймээн болоод өнгөрсний дараа 8 сард Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр "алтан медаль" хүртэж төрийн томчуудыг ард олонтой нь хамтад "эвлэрүүлэн" нус нулимстай нь хутгаж орхиогүй юу? Саяхан Оюутолгойгоос үүдэлтэй бухимдлын дараа манай жу-догийнхон дэлхийн аваргаас медаль авахад л бид тайвширч байгаа юм чинь. Бухимдаж гомдмоор ч юм шиг, баярлаж бахадмаар ч юм шиг.
БХБЯ-ны сайд болсон нь хөөрхий Баянсэлэнгийн буруу биш л дээ. Хүмүүс тэгж ойлгоод бухимдаад байгаа хэдий ч, "нисэхгүй гээд байхад нь нис нис гээд..." гэдэг шиг Монголын улстөрд намын дарангуйлал хэр өндөр түвшинд байгаагийн илрэл. Баянсэлэнгэ МАХН-ын идэвхтэй гишүүн байсан тулдаа сайд болж байна шүү дээ. Хэрэв Н.Энхбаярын "хувийн хэвшил" болох МАХН-ын "идэвхтэй" гишүүн байгаагүй бол, юун... Намууд төрийн дээр гарч "дураараа дургиж байгаа" гийн илрэл нь. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа нь С.Батцэцэгийн нөр их хөдөлмөр зүтгэлийн шим. Дэлхийн дэвжээн дээр "найраа", бас тохиолдол байдаггүй юм шүү дээ.
Сүүлийн жилүүдэд чөлөөт бөх, жу-до барилдааны төрлүүдэд эмэгтэй тамирчид өндөр амжилт үзүүлж байгаа нь монгол бүсгүйчүүдийн тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлийн үр дүн, бас нотолгоо. Монголын улстөр, их спорт урвуу хамааралтай л яваад байна уу даа. Зүтгэл зусардалт, урссан хөлс авч өгөлцсөн авилгал, албан тушаал спортын дэвжээ, баярын нулимс хуурамч инээмсэглэл, ур чадвар тэнэглэл гээд нэг л авцалдахгүй. Уг нь бид хаана ч дуудуулах "МОНГОЛ" гэдэг нэгэн нэртэй, дуулах нэг төрийн дуулалтай, дуурсгах нэг л бахархалтай.
"Эрэлхэг цэрэг Швейк"-ийн хэлж байсанчлан "Алив муу зүйл тохиолдох хэдий ч дараа нь заавал сайн зүйл тохиолдож байдаг болохоор ерөнхийдөө сайн тал руугаа яваад байдаг" шиг бид бас сайн тал руугаа яваад л байнаа даа. Дэлхийн дэвжээ жижиг биш ч тэнд Монголын минь төрийн дуулал эгшиглэж байгаа нь бас сайн тал. Олон мунхаг улстөрчид биднийг бухимдуулж байгаа ч 2016 оны сонгууль ойртож байгаа нь бас сайн тал. За за Баянсэлэнгэд амжилт ерөөгөөд Батцэцэгийн амжилтын төлөө нэгэн хундага өргөе дөө. Сайн зүйл дандаа ирж байх болтугай.
Г.Галбадрах