Яг таван жилийн тэртээ "Арабын хавар” эхлээд өрнөж байх тэр үед эх орноо төлөөлөн Каирт Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд тухайн өдөр тэнд болон тус бүс нутагт ямар үйл явдал өрнөж байв гэдгийг тэмдэглэлээ эргэж сөхөв.
2011 оны дөрөвдүгээр сарын 7, Пүрэв гариг. Арабын орнуудад ажлын цаг, дэг нь манайхаас шал өөр. Хүмүүс нь аажуу наазгай, цаг баримталдаггүй, өдөр шөнө нь солигдчихсон. Санаатай биш ч худал хэлчихдэг, хэлснээсээ булзаад бултчихдаг тал бий. Түүнийгээ Аллах руугаа (тэнгэр рүү) заачихна. "Инша Аллах” ("Аллах мэдэж байгаа байлгүй дээ!”) гэх бэлэн нэг үгтэй. Бүх зүйл дээр хэлнэ.
Яг тийм зүйл боллоо гэхгүй ч тус улсын Гадаад хэргийн Азийн асуудал эрхэлсэн туслах сайд ноён М.Хигази Азийн Элчин сайд нарыг ГХЯ-ндаа урьж уулзана гэв. Анх гуравдугаар сарын 29-ний 11.00 цаг гэж товлосон ноот ирүүлсэн. Дараа нь хойшлууллаа, дөрөвдүгээр сарын 4-нд болголоо гэв.
Тэгснээ 7-ны 11.00 цагт бараг л баараггүй гэсэн ноот ирүүлэв. Тэр өдөр нь өнөөдөр тохиож байна. Тийшээ очих ажил гарлаа, биеэ бэлтгээд эртхэн гарах хэрэгтэй. 11.00 цагийн уулзалтад 10.00 цагт гарахгүй бол зам хорогдохгүй түгжрээд. Энэ өдөр ГХЯ-ны уулзалтын танхимд Ази-Номхон далайн орнуудын Элчин сайд нар цагтаа цуглалаа. Дөрвөн асуудлаар Египетийн тал мэдээлэл өглөө. Туслах сайд уулзалтыг нээж товч үг хэлэнгээ бас талархлаа илэрхийлж байна.
Уулзалтыг хаахдаа ч мөн хэлж байна. Ливийн асуудлаарх байр суурь, ирэх намар болох парламентын сонгууль, оны эцсээр товлоод буй Ерөнхийлөгчийн сонгууль, Палестины Ерөнхийлөгч М.Аббасын айлчлалын талаар мэдээлэл хийлээ. Парламентын сонгуулийн талаар Элчин сайд нар асууж байв. Суугаа орных нь нийгэм-улс төрийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал гэж хандаж байгаа учраас тодруулах зүйл байсан нь мэдээж. Надад одоогоор асуух зүйл алга, учир нь би өдөр бүр мэдээ мэдээлэлтэй нь танилцаад, тэмдэглээд яваа.
Өс авалт номоороо явж байна. 83 настай хөгшнийг яаж элдэвлэх бол хэмээн би саяхан бичсэнээ үргэлжлүүлчихээр мэдээ интернет дээр гараад иржээ. Al-Jumhuriyah сонины мэдээ байна. Энэ мэдээг толилуулахын өмнө нэг оршил хэлье. Баасан гараг бүрт Тахрирт олон мянгуулаа цуглаад улиг болсон ганц шаардлага тавьдаг болж байгаа.
Экс-Ерөнхийлөгчийг л шүүхэд татах, хатуухан хэлбэл эрүү шүүлт тулгаж байж улсаас хулгайлж авсан тэр их мөнгийг нь эргүүлж улсад нь тушаалгаад өөрийг нь ял эдлүүлж, нохойн үхлээр үхүүлэх тухай шаардлага гээд хэлчихэд бараг болно. Бас гэр бүлийнхэнтэй нь хамт ялла гэж шордож байгаа.
Харин Х.Мубаракийн ивээл дэмжлэгээр дэвшиж дээшилсэн, түүний гар хөл байсан энэ цэргийнхэн тэгэхгүй байж магад. Цаадах нь цэргийн нэрт жанжин байсны хувьд наадуул дотроо, цаашлаад арми дотроо нэр хүндтэй хэвээр байж магад гэсэн хардлага баасан гараг бүрийн жагсаал руу жагсагчдыг түлхээд байгаа нь нууц биш. Тэгвэл тийм биш гэдгийг нотолж Цэргийн дээд зөвлөлийн төлөөлөгч армийн генерал Мохсен эль- Фангари мэдэгдэл хийсэн байна.
Түлхэгдэн унасан Египетийн экс-Ерөнхийлөгчийн дэглэмтэй эрх баригч Цэргийн дээд зөвлөл ямар нэг нууц тохиролцоо хийгээгүй. Египетийн зэвсэгт хүчин Египетийн ард түмний эрх ашгийн төлөө л ажиллаж байна. Улс орондоо хохирол учруулсан бол хэн ч гэсэн түүнийхээ төлөө хариуцлага хүлээж таарна. Арми засгийн эрх авсан тэр даруйдаа л цэргийнхний зөвшөөрөлгүйгээр хэнийг ч гадагш нисгэхгүй гэж хориглосон хэмээн Александриа хотод нэгэн хурал дээр тэр генерал мэдэгджээ.
Цэргийнхэн сандарч байгаа нь харагдаж байна. Экс-Ерөнхийлөгч гадаадад эмчилгээнд яваагүй гэдгийг нотлоод л, хүүг нь хэрэгт татлаа гэж зарлаад л, хөрөнгө мөнгийг нь хураана гэж шүүгч илгээгээд л, элдэвлэж байна. Шарм-эш-Шейх дэх өргөөнд нь очиж байцаалт авах боллоо хэмээн өнгөрсөн Даваа гарагт египетийн хэвлэлүүд мэдээлж байсан.
Өвчтэй байгаа өндөр настай Мубаракийг Шарм-эш- Шейхээс 100 километрийн зайд буй Тур хотод дуудаж байцаана гэхэд эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс гэрт нь очих болж байх шиг. "Хууль бусаар баяжсан” гэдэг ганц том ял тэдний гэр бүлд тохогдох нь.
Ираныг Булангийн орнуудын дотоод хэрэгт орлоо хэмээн Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл буруутгаж яллаж байгаад хариу болгож Ираны Ерөнхийлөгч Ахмадинежад өнөөдөр Ираны Керманшахр хотод үг хэлэхдээ сэрэмжлүүлэг өгчээ.
Ираны мэдээллийн IRNA агентлагийн мэдээлснээр, бүс нутагт иран-арабын, мөн суннит-шиитийн мөргөлдөөний аюул ойртож байгааг тэрбээр анхааруулаад "АНУ болон Барууны орнууд иран-арабын, суннит-шиитийн дайн дэгдээхийг санаархаж байна. Бүс нутгийн ард түмнүүдийн хооронд тэд зөрөлдөөн үүсгээд, ингэснээрээ сионист дэглэмийг мөхлөөс аврахаар оролдож байна” гэжээ.
Ираны Ерөнхийлөгчийн сэрэмжлүүлэгт энэ шууд хамаарахгүй. Гэхдээ Бахрейнд цэрэг оруулснаараа Саудын Араб нь арабчуудын зүгээс шүүмжлэл хүлээж буй утга бүхий мэдээлэл Voanews.com радиогийн сайт дээр гараад иржээ.
Ливид агаарын орон зайн бүс тогтоож, Каддафийн хүчнийг агаараас дайрч байгааг арабчууд бүхэлдээ дэмжиж байгаа. Харин Бахрейнд Саудын Араб цэрэг оруулсныг шиитүүдийн эсрэг интервенц хийж, шашны дайсагналыг дэвэргэлээ хэмээн эсэргүүцэж байна гэж тэнд бичсэн байх юм. "Галаар тоглох нь Саудын Арабт ашиггүй шүү!” гэсэн анхааруулгыг Ираны эрх баригчид өгсөн нь эргээд санаанд минь орж ирлээ.
"Саудын Араб дараагийнх нь биш биз?” гэсэн агуултаар Ойрх Дорнод дахь эсэргүүцлийн тэмцлийн фонон дээр энэ орны дотоод байдалд анализ хийсэн нэгэн нийтлэлийг Гари Томас гэгч Voanews.com портал сайт дээр гаргажээ. Лалын суннит урсгалын консерватив хаант засаг нь улс төрийн сөрөг хүчнийг хэзээ ч хүлцэхгүй, гэхдээ энэ оронд бужигнаан үүсч үймээн дэгдэх хөрс хэдийнээ бэлэн болсон.
Орлогын ялгаа өндөр байна, ажилгүйдэл их бий. Өөрчлөлт хийхийг эзэн хаанаасаа хүсч, 200 хүн гарын үсэг зурсан өргөх бичиг очлоо. Нийгмийн бүх давхаргын төлөөлөгчид түүнд гарын үсгээ зурсан ба Үндсэн хууль батлах, хууль тогтоох эрх бүхий парламент байгуулах, бие даасан хараат бус шүүхийн систем байгуулах, өөрөөр хэлбэл үлэмж ноцтой гэмээр шаардлагууд түүнд тусгагджээ.
"Яагаад ч юм, хэнд ч анзаарагдахгүйгээр эзгүй өрөөнд хашигдаж байгаа аварга том заантай Саудыг Арабыг би жишмээр байна” хэмээн Тагнуулын төв газрын "Улс төрийн ислам” төслийн захирал асан Эмиль Наклех анхааруулжээ.
Баасан гараг бүрт Тахрирт олон мянгуулаа цуглаад улиг болсон ганц шаардлага тавьдаг болж байгаа
Саудын Араб дахь нөхцөл байдлыг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Эсэргүүцлийн тэмцэл явж явж харьцангуй либерал хот гэж үздэг Жеддагаас дэгдэж магадгүй. Хэдийгээр шиитүүд их төвлөрсөн ч, Эр-Риядаас тийм тэмцлийг хүлээлтгүй. Ерөөсөө дорнод мужуудаас нь тэмцэл эхлэхгүй. Саудчуудын хүсч, шаардаад буй тэр реформыг хийхэд хаант засаг бэлэн биш байна. Хийе гэхнээ улс төрийн институц нь алга хэмээн Гари Томасын нийтлэлд бичжээ.
"Арабын улсуудын холбооны дараагийн ЕНБД-аар заавал Египетээс хүн тавьж ажиллуулна” гэсэн тус улсын байр суурь хэвээр байгаа бололтой. Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлж байсан Абдул Рахман бин Намад аль-Аттия гэдгийг Катар Улс дэвшүүлнэ хэмээн сойж байгаа бол Египетийн тал бүр гурван нэр дэвшигч гаргаж ирж байгаа бололтой.
Nileinternational. net-ийн мэдээлснээр, энэ тушаалд Мустафа аль-Фикки (парламентын гадаад харилцааны хорооны дарга асан), эдийн засагч Хазем аль-Бэдлави, Шадар сайд Яхья аль-Гамаль нар өрсөлдөх төлөвтэй. Дүрэмд нь заавал египетийн иргэн ЕНБД байна гэсэн заалт байхгүй.
Гэсэн ч бүс нутгийн тэргүүлэх улсын хувьд энэ тушаал яах аргагүй тус оронд оногддог байсан. Арабын улсуудын холбоо 1945 онд байгуулагдсанаас хойш зургаан даргын нүүр үзсэний тав нь Египетээс (үлдэх ганц нь Тунисээс) сонгогдож байжээ. Одоогийн ЕНБД Амр Муса нь 2001 оноос хойш ажиллаад өнгөрсөн тавдугаар сард дараагийнхаа хүнд халаагаа өгнө.
Өнөөдрийн MENA агентлагийн болон Egypt State Information Service-ийн мэдээлэл дотор Египетийн хувьсгалын үед үйлдсэн гэмт хэргийн тухай нарийвчилсан тоо баримт тавигджээ. Нэгдүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 28-нд буюу нэг сарын хугацаанд хүний амь, дээрэм тонуул, эвдэн сүйтгэх, хүчингийн 2500 хэрэг (До яамнаас нь мэдээлж байгаагаар бол хүний амины 122, дээрэм тонуулын 89, хүчингийн 11, галдан шатаасан 112 хэрэг, машин техник эвдлэн шатаасан 811 хэрэг) гарсан ба цагдаа нар алга болж, гудамжуудад аюулгүй байдлын сул орон зай гарсныг гэмт хэрэгтнүүд ашигласан нь энэ байв.
Цагдаагийн 99 хэсэг халдлагад өртжээ. Цаана нь бүртгэгдээгүй маш олон хэрэг үлдсэн гэдгийг ч До яам зөвшөөрч байна. Нэг ноцтой өгүүлбэр тэнд байна. Энэ нь "Ерөнхийлөгч Мубаракийн сүйрч буй дэглэм улс орондоо хаос үүсгэхийн тулд эсэргүүцлийн үеэр гэмт хэргийг хэргээр спонсорлосон” гэжээ.
Хувьсгалын балаг гэж үзэхэд ч хаашаа юм, өс авалтын нэг хэлбэр гэж нэрлэчих үйл явдлын баримт бас цухалзаж байна. Би энэ талаар Аl-Ahram сонины оnline сайтаас олж аван оруулж байна. Мубарак огцорсны дараахан тонуулчид Ерөнхий сайд асан Назифын хэд хэдэн өргөө рүү халдан, юу ч үгүй болтол тоножээ. Ганц Назиф ч бус сайд дарга, томхон албан тушаалтан, бизнесмен явсан олон хүний харш, өргөөг мөн тийм гай дайрчээ.
Нил мөрний эрэг дээрх Назифын өргөөг тоноод зогсохгүй, цэцэрлэгт хүрээлэнг тэр хавийн ядуусын хорооллынхон ноолж өгч байгаа гэнэ. Ерөнхий сайд асан Ахмед Назиф нь хэзээ мөдгүй ялтны ширээнд суух гэж байгаа, тоногдсон байрны ханхай хэдэн ханан дунд гэргий нь үлдэх болж байна. Нөхрийнхөө хэргийг хүндрүүлчихнэ, өөрөө хам хэрэгт дуудагдчихна гэж айгаад цагдаад хандаж чадахгүй байгаа гэнэ гэргий нь. Мөн гачлантайяа!
"Лалын ахан дүүс” дэх Ибрахим аз-Заафарани тэргүүтэй дунд үеийн хэсэг реформистууд Сэргэн мандлын намаа байгуулж байна хэмээн хэд хоногийн өмнө мэдээлж байсан нь нотлогдов. Үүнтэй холбогдуулан 6000 хүний гарын үсэг зурсан өргөдөл шүүх рүү явж байгаа тухай Daily News Egypt сонин, түүний англи порталд өнөөдөр мэдээлжээ.
Исламистуудын нам гээгүй, бүр "Египетийн салафистуудын шинэ нам” гэж мэдээнд тэмдэглэжээ. Харин лидер нь солигдоод, намыг үндэслэгч хуульч Мамдух Исмаил гэсэн өөр нэр явж байна. Нам нь Аль-Нахда нам буюу Сэргэн мандлын нам (Renaissance Party) гэж нэрлэгдэнэ. Ийнхүү лалынхны бас нэг шинэ нам мэндлэв ээ.
Д.Баярхүү /Олон улсын харилцааны түүхч/
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл