Цэцийн дүгнэлт тойрсон ХУВИЛБАРУУД


УИХ-ын 28 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор буюу намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуулийн "Иргэд төлөөллөө шууд сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн Цэц үзсэн. Одоо уг дүгнэлтийг хүлээн авсны дараа хуульд ямар өөрчлөлт оруулах, санал хураалт товлосон хугацаандаа болж амжих уу, гуравдагч хүчин, бие даагчид бүрмөсөн шахагдах уу гэх мэт маргаан ид өрнөж байна.

Өчигдөр УИХ-ын чуулганаар уг дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг хэлэлцэх байсан ч "Шударга ёс” эвсэл завсарлага авчихав. Асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Олон нийтийн дунд нэр хүнд нь унасан АН, МАН-ынхан Цэцээр дээрх шийдвэрийг гаргуулж, улмаар хүлээн аваад сонгуулийг жижиг тойрог бүхий мажоритар хувилбараар явуулахаар тохирсон гэж буй.

Гэвч дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг хэлэлцэж эхэлмэгц тэдний тооцсоноос ч илүү эсэргүүцэл, шүүмжлэл өрнөв. Тиймээс намууд төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилж, өөр хувилбарууд ярьж эхэлсэн сурагтай.

ЭРГЭЛЗЭХ ШАЛТГААН

Жижиг 76 тойрогтой байх хувилбартаа энэ хоёр намынхан эргэлзэж эхэлсэн нь хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө гуравдагч хүчнийхний зүгээс шүүмжлэл их байна. Дэлхийн жишигт дөхүүлж, холимог тогтолцоо сонгосон, жижиг намууд төлөөллөө УИХ-д оруулах боломжийг хангасан зэрэг олон давуу тал пропорциональ тогтолцоонд бий. Үүнийг нэгэнт тогтолцоондоо оруулчихаад буцаагаад татгалзсан орон нэг ч байхгүй гэдгийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар сануулна лээ. Мөн жижиг 76 тойргоор сонгууль явуулбал зөвхөн АН, МАН-ын одоогийн гишүүд, мөнгөтэй бизнесмэнүүд, тэдний үр хүүхдүүд л сонгогдоно.

Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, энгийн сэхээтнүүд, эмэгтэйчүүдэд боломж хумигдана хэмээн гуравдагч хүчний намууд шүүмжилж байна. Ийм зүйл болбол АН, МАН-ын эсрэг жижиг намууд нэгдэн тэмцэхээ ч илэрхийлж буй. 2012 оноос өмнөх таван сонгуульд мажоритар систем ашигласан, УИХ 76 тойрогт хуваагдаж, жалга довны хэрүүл гаарсан, улс орны эрх ашгийн төлөөх том төслүүд явдаггүй, луйвар булхай ихэсдэг гэх мэтээр маш олон дутагдал гарсан гэдэг. Тиймээс л 2012 онд тогтолцоогоо өөрчилж, холимог хувилбар сонгосон билээ. Хэрэв буцаад хуучин руугаа орвол "Долдугаар сарын 1”-ний үйл явдал давтагдаж болзошгүй хэмээн тэд ярьж байна. Улс төр судлаачид ч "ах” намуудын төлөвлөгөөг буруушааж буй юм.

Хоёрдугаарт, жагсаалт хууль бус юм бол 2012 онд энэ зарчмаар сонгогдсон 28 гишүүн, тэдний оролцоотой УИХ-аас баталсан хууль, тогтоомж хүчингүй болох уу гэсэн асуулт тулгарна. Үүнд улстөрчид амархан хариулж буй. "Хууль буцаж үйлчлэхгүй” гээд л гүйцээ. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан өдрөөсөө хэрэгждэг. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 22-ноос хойш УИХ-аас гаргах шийдвэр, өнөөх Сонгуулийн хуулиа өөрчлөх, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх нь ч хууль бус болох юм биш үү гэх асуулт гарч байна. Үүнд хариулсан хүн одоогоор алга.

ХОНЬ БҮРЭН, ЧОНО ЦАТГАЛАН

Байдал ийм болсон тул АН, МАН-ынхан хонь бүрэн, чоно цатгалан байх өөр нэг хувилбар бодож олсон байна. Үндсэн хуульд ч, Цэцийн дүгнэлтэд ч пропорциональ тогтолцоо гэдэг үг байхгүй. Зөвхөн "Шууд сонгох эрхийг зөрчсөн” л гэсэн. Шууд сонгоно гэдэг нь энгийнээр сонгогч хэн нэг нэр дэвшигчийн нэрийг харж байгаад дугуйлахыг л хэлээд буй. Яг үүн дээр тоглолт хийж болох юм хэмээн ярилцаж эхэлжээ. Пропорциональ тогтолцоогоо хадгална, 28 гишүүнээ намын жагсаалтаар сонгоно. Гагцхүү бүгдийнх нь нэрийг ил зарлаж, саналын хуудас дээр бичнэ. Ингэвэл "Шууд сонгох заалтыг зөрчсөн” гэх Цэцийн дүгнэлтийг ч хүлээн авсан болно, гомдол мэдүүлээд буй гуравдагч хүчний намуудын санааг ч амраана.

 Үргэжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.