Дүрэм зөрчиж л байг уу


Дүрэм зөрчиж л байг ууЗалуу хуульчдын нэгдэл "Хос дэнс” клубээс Зөрчлийн хуулийн зарим торгох шийтгэлийг өршөөх тухай хуулийн төсөл боловсруулсан аж. Түүнийгээ УИХ-ын хаврын чуулганд өргөн барих тухай мэдээлэв. Тэд Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2017 оны долоодугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч бүрийн торгуулийг нэг удаад "цагаатгаж” өршөөл үзүүлэх тухай төсөл боловсруулжээ. Энэ нь энгийн номхон ардын санхүүгийн хүндрэл, нуруун дээрх "ачаа”-г нь бага ч гэсэн хөнгөлөх тустай гэж үзэж байгаа аж.

 

Иргэн Б өөрийн хувийн автомашинаар "халтуур” хийж, өрхийн амьжиргаагаа залгуулдаг. Тэрбээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 2017 онд 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээгээд байгаа аж. Жил бүр энэ хэмжээний мөнгөн торгууль төлдөг бөгөөд "халтуур” хийдэг хүмүүс илүүтэй торгуульдаг тухай хэлж байна.

 

Учир нь нэгдүгээр эгнээнд зогсож зорчигч авах зайлшгүй шаардлагатай, зорчигчын хүсэлтийн дагуу уулзвар нэвтрэхдээ эгнээ байраа буруу эзэлж, түүнээс улбаалан торгуулах тохиолдол элбэг байдаг тухай  учирлав.

 

Хүний л амьдрал...Амьдрах л гэж яваа нэгэн...гээд 250 мянган төгрөгийн торгуулийг нь тэглэчихэд Төрийн данс "улайчихгүй” л дээ. Гэхдээ иргэн Б дүрэм зөрчиж л байг уу.

 

Дүрэмгүй жолоочид улаан гэрлээр давхиж л байг, давхар шугам давж л байг, хүн мөргөөд зугтаж л байг, согтуугаар автомашин жолоодож сургуулийн насны хүүхдийг амь нас, эрүүл мэндээр нь хохироож л байг уу? Алдааг нь уучлаад торгуулийг нь авахаа болилоо гэхэд үргэлж дүрмээрээ явдаг, шахаж дайрахад нь инээгээд өнгөрдөг зөрчилгүй жолооч нараа яаж урамшуулах вэ?

 

Энэ мэт энгийн асуудлыг олон талаас нь судалж, эргэцүүлэн бодолцоод дараа нь хуулийн төсөл ярьвал үнэнд илүү ойр баймаар.

 

Г.Тэгшсүрэн

 
Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.